Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд өнөөдөр “Хөдөөгийн сэргэлт” үндэсний  бодлогын хүрээнд хэрэгжүүлэх  “Нээлттэй Увс”  хөтөлбөрийн талаар сэтгүүлчдэд танилцууллаа. Тэрбээр, "Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050”, “Хөдөөгийн сэргэлт” үндэсний бодлогын хүрээнд Увс аймаг нээлттэй хөтөлбөрөө өнгөрсөн онд батлуулсан.

Ард иргэдэдээ танилцуулж байна. Тиймээс “Нээлттэй аймаг, Нээлттэй Увс”  хөтөлбөрөө Улаанбаатар хотын иргэдэд танилцуулна. Үйл ажиллагаа энэ сарын 17-ны өдөр УБ паласт болно. Увс аймгийн 19 сум болон удирдлагууд ирсэн байгаа. Увс аймагт иргэд болон бизнесийн салбарынханд ямар хамтын ажиллагаа байж болох вэ гэдгийг танилцуулна. Мөн ажлын байр болон бусад мэдээллийг өгнө. Аймгийн хэмжээнд хөгжлийн хөтөлбөрөө танилцуулах юм. Түүгээр ч зогсохгүй миний хувьд үндэсний брэндүүдийг үргэлж дэмжиж, ажлын байрыг бий болгож  ирсэн. Соёлын сэргэлтийн хүрээнд үндэсний өв соёл, язгуур урлагаа дэмжих, аялал жуулчлалыг хослуулах зэрэг олон үйл ажиллагааг хийж, хэрэгжүүлж байна.

Дархан, Эрдэнэтийн иргэддээ хийж, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан. 

Энэ үеэр Засгийн газрын гишүүд, Элчин сайдууд, иргэд, бизнесийн салбарынханыг урьж байгаа. Увс аймгийн хэмжээнд хотоос шилжин ирэхэд таатай тааламжтай орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Шаардлагатай ажлын байр болон хүчнийг хэрхэн хүлээж авах саналаа хүртэл боловсруулсан. 

Увс аймагт хэрэгжүүлэх томоохон хөгжлийн төслийг танилцуулах юм. Тухайлбал, олон улсын худалдаа тээвэр ложистикийн төв, хил дамнасан аялал жуулчлал хөтөлбөрийг боловсрууллаа. 

Увс аймаг нь жилд ойролцоогоор дотоод, гадаадын 150 мянган жуулчин хүлээж авдаг. Жуулчдыг ая, тухтай байлгахын тулд дэд бүтэц, зам харгуй, 00-ын асуудлыг зохистой хэмжээнд нь шийдвэрлэж байна. Шилжин ирсэн хүмүүс болон суурин амьдарч байгаа иргэдэд зориулж, ипотекийн жилийн гурван хувийн хүүтэй зээл, байнгын тогтвор суурьшилтай ажлын байрыг санал болгож байна” гэв.