МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын "Ротек" группын "Уралын турбины үйлдвэр" Монгол Улсад цахилгаан станцын уурын турбины засвар үйлчилгээний төв нээж, угсрах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна.


"Ротек" болон "Уралын турбины үйлдвэр" хувьцаат нийгэмлэгийн захирлуудын зөвлөлийн дарга Михаил Лифшиц өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай Улаанбаатар хотод уулзжээ.


“Михаил Лифшиц компанийнхаа үйл ажиллагааг тус улсад нэвтрүүлэх төлөвлөгөөг танилцуулсан. “Уралын турбины үйлдвэр”-ийн охин компани болох “Уралын эрчим“ Монголд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай Монголын компани төслийн менежмент, инженерчлэлийн ажлыг хэдийнэ явуулж байгаа бөгөөд дараагийн ээлжинд уурын турбины засвар үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөж байна. Мөн угсрах үйлдвэр байгуулах ажлыг төлөвлөгөөнд тусгасан. Үүнээс гадна, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн төлөв байдлыг оношлох, урьдчилан таамаглах системийн төв нээхээр төлөвлөж байна” гэж "Ротек" групп мэдээлсэн байна. 

"Ротек" групп эрчим хүчний тоног төхөөрөмж угсралтын хувьд Монголын зах зээлийн хэмжээг 10-15 жилийн хугацаанд 6 тэрбум ам.доллароор үнэлж байгаа аж. Тус компанийн тооцоолж байгаагаар,  энэ хугацаанд Монгол улсын эрчим хүчний системийн хүчин чадал дөрөв дахин /одоо 1ГВт орчим/ нэмэгдэх бөгөөд энэ нь улс орны эдийн засгийн хурдацтай өсөлтийг хангахад зайлшгүй шаардлагатай юм.


 

Эх сурвалж: Монцамэ агентлаг