Хурдан морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж, уралдаанч хүүхдийн хувцас, хэрэглэлийн түрээсийн үйлчилгээг энэ жилээс эхлэн нэвтрүүлэхээр болжээ.

Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжиж эхэлж буй тус ажил нь Засгийн газрын тогтоолтой болон Улсын чанартай хурдан морины уралдаан наадамд, хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэлийг түрээслэх байдлаар хэрэгжих аж.  

Уралдаанч хүүхдийн хувцас, хэрэглэлийн түрээсийн үйлчилгээг санаачилсан Монголын морин спорт, залуу уяачдын холбоонд тус үйлчилгээг орон даяар нэвтрүүлэх, хэрэгжүүлэх онцгой эрхийг олгосон байна. 

Цаашид уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэлийн стандарт шаардлагыг баримтлах, хяналт тавих, хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, сургах, үнэмлэхжүүлэх ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулахаар болжээ.