Тогтохбаярын Ариунзаяа
08 сарын 19, 2025
Найруулагч П.Лхагвадуламын шинэхэн уран бүтээл "Урагшаа харсан цонх" богино хэмжээний кино олон улсын кино наадмаас хоёр шагнал хүртлээ. Түүний бүтээл болох "Сэр сэр салхи" уран сайхны кино 78 дахь удаагийн Локарно олон улсын кино фестивальд сонгогдон 2025 оны наймдугаар сарын 10-ны өдөр дэлхий дахинаа нээлтээ хийсэн байна. Энэхүү кино 2023 онд 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцож, "Алтан арслан"-гийн эзэн болсноор монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн үйл явдал байв.
Найруулагч П.Лхагвадулам Португалийн Лиссабон хотын Лусофона их сургуульд кино зохиолын чиглэлээр докторын зэрэг горилсон уран бүтээлч юм.
Тэрбээр өмнө нь "Сэр сэр салхи" бүтээлийнхээ талаар ярихдаа "Би 2014 онд ээжтэйгээ хамт бөө дээр очсон юм. Бөөгийн зан үйл болсны дараа гадаа ээжийгээ хүлээж суусан. Тэгэхэд миний хажууд нэгэн "күүл" стильтэй бөө сууж байсан нь 18 настай болов уу гэмээр эрэгтэй, чихэндээ ээмэгтэй, хоёр гарандаа шивээстэй залуу хүү байсан юм. Энэ киног хийх санаа тэр мөчид төрсөн. Тэр үед намайг багшилж байхад оюутнууд дунд маань ч ганц хоёр бөө хүүхэд байсан. Орчин цагийн монгол залуус ямар асуудлыг давж гардаг вэ гэдгийг бодож миний бие 2017 онд кино зохиолын магистрт сурч байхдаа анх энэхүү зохиолоо цаасан дээр буулгаж байлаа. Дуусгачхаад хэнд хандахаа, хаанаас санхүүжилт авахаа мэдэхгүй байлаа. Тэр үед кино урлагийн зөвлөл байгуулагдаж, тэр үед олон азтай зүйлс болж өнгөрсөн. Таван жилийн дотор хүсэл мөрөөдөл маань биеллээ" хэмээн ярьсан юм.

“Урагшаа харсан цонх” киноны тухайд, хүйтэн, хөндий болсон харилцаагаа эргүүлэн аврахаар хичээж буй залуу хос хэрхэн бие биенээ ойлгон, асуудлаа даван туулж буйг нэмэлт хачиргүй, уран сайхны энгийн өгүүлэмжээр дүрсэлсэн бүтээл юм. Киноны гол дүрд Мөнхбатын Аззаяа, Мөнхнасангийн Алтаншагай, туслах дүрд Цогбадрахын Оюунцэцэг, Бат-Оршихийн Одгэрэл, Сүхбаатарын Сарангэрэл, Шагдаржавын Батбаяр нар оролцон тоглосон байна.
Киноны продюсераар Катя Хакак (Аврора Филмс), Х.Оюундарь (Гуру Медиа), зураглаачаар Vasco Viana (Португал), камерийн нэгдүгээр туслах SELMA Lopes (Португал), дууны инженер Benjamin Silvestre (Франц) болон бусад Монгол, Франц, Хонг Конгийн нийт 50 гаруй уран бүтээлч хамтран ажилласан.
Сонирхуулахад, кино найруулагч, зохиолч П.Лхагвадулам нь 1989 онд төрсөн. Турк улсын Dokuz Eylul University-ийг кино найруулагчаар дүүргээд МҮОНРТВ-д мэргэжлээрээ ажиллаж, мөн Кино Урлагийн Дээд сургуульд багшилсан. Улмаар Европын KinoEyes-ийн мастерийн хөтөлбөрийг кино зохиолчоор төгссөн ба одоо Португалийн Лисбоны Их Сургуульд кино зохиолчоор докторын зэрэг горилон суралцаж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.