Байгууллага, иргэдийг коронавирусийн халдвараас сэргийлэх qr.119.mn нэгдсэн платформыг ашиглалтад оруулсан талаар Улсын онцгой комисс болон холбогдох албанаас өнөөдөр мэдээллээ.

Мэдээллийн эхэнд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Улсын онцгой комиссын зүгээс иргэд, ААН-үүдэд нэгдсэн нэг аппликейшныг санал болгоно гэж өмнө нь мэдээлсэн. Уг аппликейшныг танилцуулъя. 

Өнгөрсөн хугацаанд төрийн зүгээс 4-5 аппликейшн хөгжүүлсэн. Тэдгээрийг нэгтгээд иргэд, ААН-үүдийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нэгдсэн платформ болголоо.

Цаг хугацаа хэмнэж, өмнө нь ашиглаж байсан бүтцээ ашиглан Ибаримт системд тулгуурлаж хийсэн.

Одоо Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс зөвшөөрөл өгөөд ажиллуулж буй 18 чиглэлийн байгууллагууд, цаашдаа үйл ажиллагаагаа шат дараатай нээх салбарынхан qr.119.mn сайт руу хандаж, өөрийн үйлчилгээний төрөл, байршил, холбогдох дугаараа бүртгүүлэн QR код үүсгэнэ /Үүнд хэдхэн секунд шаардагдана/. Уг кодыг хэвлээд байгууллагынхаа үүдэнд наана. 

Иргэд тухайн ААН, байгууллагуудаар үйлчлүүлэхдээ үүдэнд нь байгаа QR кодыг Ибарит аппликейшныхаа QR код уншуулах хэсэгт заавал уншуулна. 

Ингэснээр тухайн байгууллагад коронавирусийн халдвар илэрлээ гэхэд хэдхэн секундын дотор энэ талаарх мэдээлэл таны Ибаримт аппликейшнд нь ирнэ.

Энэ нь мэргэжлийн байгууллагуудын ойрын болон дам хавьтлыг олох хугацааг хэд дахин хөнгөвчилнө. Мөн өөрийгөө тусгаарлаж эрсдэлээс сэргийлэх давуу талтай" хэмээлээ.

Өөрөөр хэлбэл, тухайн ААН, байгууллагаар хэн хэн орсон, үйлчлүүлсэн, иргэн хаагуур явсан маршрут бүртгэгдэх юм.


qr.119.mn сайт руу хандахад харагдах байдал болон ААН, байгууллагуудын бөглөж QR код авах талбар