Энэ сарын 24-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ихэнх нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас орон нутгуудад цахилгааны шон унаж, гэрэл цахилгаан тасарч, айлуудын байшингийн дээвэр салхинд хуурч хийсэх зэрэг аюулт үзэгдэл тохиолдоод байна.

Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс болох Засгийн газрын гишүүд, ОБЕГ-ын удирдлагууд яг одоо шуурхай хуралдаж байна.

Шуурхай хурлын үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Энэ сарын 24-ний өдрөөс эхэлсэн хүчтэй салхи шуургын улмаас нийт 390 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байна. Цаашид бүх суманд нөөцийн дизель станц байгуулах шаардлагатай. Ялангуяа өвлийн улиралд ийм нөхцөл үүсч цахилгаан тасарбал дулааны станцууд хөлдөж болзошгүй" гэдгийг хэллээ.

Шороон болон цасан шуургын улмаас үүсээд буй хохирол

Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13  төмөр тулгуур багана унасан байна.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас  Баян-Өлгий  аймгийн 12,  Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15,  Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарчээ.  

Хор уршгийг арилгахаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байна.

 Нэмэлтээр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өчигдөр Улаанбаатараас хөдөлсөн байна.