Хүйтэн өвлийн жаврыг үргээж, шинэ жилийн баяр догдлол бэлэглэх “Snow Melody 2023” тоглолт энэ сарын сарын 24-нд үзэгч, сонсогчдын хүртээл болох нь ээ. 

Улсын Филармониос жил бүр зохион байгуулдаг энэхүү концерт Соёлын төв өргөөнд 18 цагаас тоглогдох юм. 

Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, Баян Монгол чуулга, дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Дэлгэрбаяр, Л.Насанбуян, Д.Дүйнхэржав зэрэг 100 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байна. 

Мэргэжлийн хөгжмийн урлаг сонирхогчдын сонорыг мялаах “Snow Melody 2023” тоглолтын талаар Улсын Филармонийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Алтан-Одоос тодрууллаа. 


-Улсын Филармонийн брэнд болсон шинэ жилийн тоглолт удахгүй болох нь ээ. Энэ жилийн концерт юугаараа онцлог вэ? 

- “Snow Melody” 2015 оноос хойш долоо дахь жилдээ тоглогдож буй учир өнгө төрх, хэмнэлээрээ аль хэдийн үзэгчдэдээ танигджээ. Бид жил бүр урын сангаа баяжуулж, шинэхэн уран бүтээл тоглохыг зорин ажилладаг. 

Тэр ч утгаараа энэ жилийн тоглолтод догдол, баяр хөөр бэлэглэх аязуудын шинэчилсэн найруулгууд тоглогдоно. 

Мөн уламжлал ёсоор шинэ жилийн вальсууд эгшиглэх юм.


 -Тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ? 

-Концерт тоглогдоход ердөө долоо хоног үлджээ. Ерөнхийдөө уран бүтээлчдийн бэлтгэл дуусаж, тайз чимэглэлийн ажлууд эхэлсэн байна. Мэргэжлийн хөгжмийн урлагийг шимтэн сонсдог хүн бүрийн сэтгэлийг дулаацуулж, баясал бэлэглэх аяс тоглохоор уран бүтээлчид маань хичээнгүйлэн ажиллаж байгаа. 


-Улсын Филармони энэ жилийн ажлаа дүгнэвэл? 

-Энэ жил филармони үүсгэн байгуулагдсаны 50 жил, морин хуурын чуулгын 30 жил ой, симфони найрал хөгжмийн 65 жилийн ой тохиолоо. Тиймдээ ч завгүй бөгөөд бүтээлч жил байлаа хэмээн дүгнэж болох юм. 

Энэ хүрээнд Улсын филармониос аудио цомог, ном, хүүхдэд зориулсан контент зэрэг олон сонирхолтой бүтээлүүдийг эмхэтгэн гаргалаа. 

Их ажил бужигнасан энэ жилийг үдэхэд “Snow Melody 2023” концерт маань тоглогдоход л үлдлээ дээ. 

♪♪  "Snow Melody 2023" Шинэ жилийн баярын концертын тасалбарыг Ticket.mn-с болон Улсын Филармонийн билетийн кассаар худалдан авах боломжтой.

♪♪ Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8005-7575, 8800-3041 утсаас тодруулаарай.