Нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг өмнөх жилүүдэд ХХААХҮЯ хариуцан зохион байгуулдаг байсан бол энэ жил нийслэл хот анх удаагаа Ажлын хэсгийг ахалж, зохион байгуулав. 

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өчигдөр нөөцийн мах бэлтгэгчидтэй уулзаж, Ажлын хэсгийнхний тайлан мэдээллийг сонслоо.

Энэ жил нийслэлчүүдийн хаврын махны хэрэгцээнд зориулж 38 аж ахуйн нэгж нийт 11.3 мянган тонн махыг зах зээлд нийлүүлэхээр бэлтгэжээ.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 3 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 01-н хүртэл нийслэлийн 9 дүүргийн 173 хороон дахь зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан 318 хүнсний дэлгүүр, сүлжээ 95 нийт 413 хүнсний дэлгүүрээр амжилттай зохион байгуулсан байна.

Одоо 1300 тонн мах үлдсэнийг Засгийн газраас тогтоосон үнээр үргэлжлүүлэн зарж дуусгах юм байна. Тодруулбал, хонины ястай махыг нэг кг нь 6700 төгрөг, үхрийн ястай махыг 7700, ямааны махыг нэг кг нь 6200 төгрөгөөр тус тус худалдаалж байгаа нь зах зээл дээрх махны үнээс 35-45 хувиар хямд байгаа аж.

Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Мах бол монголчуудын хувьд гол нэрийн хүнс учраас чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан, тэгэхдээ зах зээл дээрхээс хямд өртөгтэй махаар иргэдээ хангах асуудал нэн чухал. Нөхцөл байдал энэ хэвээр удаан үргэлжилбэл, цаашдаа нөөцийн мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг илүү өргөн хүрээнд, илүү хүртээмжтэй байх талаас нь одооноос анхаарч зохион байгуулах шаардлага тулгарна. Ялангуяа зорилтот бүлгийнхэн буюу захын гэр хорооллын дэлгүүрүүдээр нөөцийн махны худалдаа хэр зэрэг хүртээмжтэй байгаад байнгын хяналт шалгалт хийж байх учиртай. Зуны сар зургаа биш. Тиймээс ирэх жилийн нөөцийн мах бэлтгэлийн ажлыг одооноос анхаарч, энэ жилийн алдаа, оноогоо дүгнэж цэгнэн, цаашид зохион байгуулалтаа илүү сайжруулах хэрэгтэй” гэдгийг онцлов.

Мөн нөөцийн махны өргөтгөсөн худалдааг амжилттай зохион байгуулсан зарим иргэн, аж ахуйн нэгжүүдийг энэ үеэр шагнаж урамшууллаа.



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс