Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилтийг хурдасгах зорилготой хэлэлцүүлэг болж байна

Улаанбаатар хотын цэвэр эрчим хүчний шилжилтийг түргэтгэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой олон талын хэлэлцүүлэг өнөөдөр Туушин зочид буудалд зохион байгуулагдаж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хотынхоо өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит ажил болгох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.

Монгол Улс цахилгаан эрчим хүчний 90 гаруй хувийг нүүрсэнд тулгуурлан үйлдвэрлэдэг тул агаарын бохирдол, эрчим хүчний хүртээмжийн тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдал зэрэг сорилт тулгараад байна. 

Манай улс нар, салхины 2.6 ТВт нөөцтэй гэдгийг судлаачид хэлж байна. Энэ утгаараа тогтвортой эрчим хүч рүү шилжих томоохон боломж бий.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын захиргаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон хөгжлийн түншүүд, хувийн хэвшил, судлаачидтай хамтран нарны болон хосолмол халаалтын систем зэрэг шинэ шийдлүүдийг гэр хорооллын айл өрхөд туршиж байгаа аж. 

Иймд өнөөдрийн хэлэлцүүлэгт төр, санхүүгийн байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд оролцон нийслэлийн эрчим хүчний сорилт, боломжийн талаар нэгдсэн ойлголт бүрдүүлэх, мөн цэвэр эрчим хүчний шилжилтийг урагшлуулах шинэ санаачилга, хамтын ажиллагааг дэмжихэд чиглэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.