ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 25-нд хуралдаж, дараагийн санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх байснаа тодорхойгүй шалтгаанаар хойшлуулжээ. Шалтгаан нь Засгийн газар огцорсон явдал гэж тайлбарлажээ. Хэлэлцээр хийсэн Засгийн газар нь огцорсон учраас ийм шийдвэр гаргажээ гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө. ОУВС шинэ засаг яаж бүрдэх, ямар бодлого барихыг хүлээзнэхээр шийдсэнээ манай талд тодруулж хэлбэл Төв банкинд дуулгажээ. Сангийн Захирлуудын зөвлөлөөс ирсэн бичигт яг ямар шалтгаанууд дурдагдсаныг одоогоор илүү нарийн мэдэж байгаа нь Сангийн сайд Ж.Чойжилсүрэн юм байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш эрх баригчид болон Валютын сангийн зүгээс үл ойлголцох асуудал нэг бус удаа гарч байв. Валютын сангийн хөтөлбөрт орохын тулд танахаар шийдсэн хүүхдийн мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бүх хүүхдэд нөхөн олгосон нь ярьсан тохирсноо биелүүлээгүй нэг тохиолдлоор нэрлэгдэж байна. Эрх баригчдын энэ шийдвэрийг ОУВС шууд мэдэгдэл хийж шүүмжлээгүй ч сангийн хөтөлбөрийг дагаж санхүүжилт хийдэг Азийн хөгжлийн банкнаас сануулга өгч байв. 

Одоогоор Валютын сангаас тавьж буй анхаарал татахаар шаардлагын нэг нь арилжааны банкуудад хийх активын чанарын үнэлгээ болоод байна. Валютын сан банкуудад хийх активын чанарын үнэлгээгээ түргэвчлүүлж байгааг “Фитч” агентлагийн өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэл баталсан юм. Тус агентлаг “Хас”, “Худалдаа хөгжлийн банк”-наас бусдынх нь үнэлгээ муу байгааг зарласан нь олны анхааралд байна. Ийм асуудлууд байгаа ч хоёр тал зөвшилцөлд хүрсэн гэж саяхныг хүртэл онцолж байв. 

ОУВС-ийн Захирлуудын зөвлөл Монголын тухай хэлэлцэх хурлаа өнгөрсөн хавар бас хойшлуулж байсан юм. Тодруулж хэлбэл сангийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд хуралдаж, Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулах эсэхийг хэлэлцээд тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан юм. 2017 оны төсвийн тодотголд мега төслийн төлбөр тооцооны дамжин өнгөрөх валютын урсгалыг Монголын банкаар дамжуулах заалт туссан нь шийдвэр гаргах шалтгаан болж байв. Энэ заалтаа эргэж харахгүй бол уул уурхайн салбарын олборлолт, экспортыг бууруулах эрсдэлтэй, хөтөлбөр хэрэгжихэд хүндрэл үүснэ гэж Валютын сангаас мэдэгдэж байлаа. Одоогоор “Оюу толгой” компани л төлбөр тооцоогоо гадаадын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан хийдэг юм. УИХ Валютын сангийн хүссэнчлэн Төсвийн тодотголд тусгасан заалтаа өөрчилсний дараа ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилт”-ийн хөтөлбөр манай улсад хэрэгжиж эхэлсэн билээ.

Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдээд буй. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш Төв банк Хятадын Ардын банктай 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлээ сунгаад байгаа. Шууд орж ирсэн мөнгө гэвэл Азийн хөгжлийн банкны 100 сая ам.доллар, ОУВС-гийн эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар л манай улсын дансанд байршсан юм. Тодруулж хэлбэл хөтөлбөр хэрэгжих хугацаанд шууд байдлаар санхүүжилт хийгдэх 3.5 тэрбум ам.доллараас 138.6 сая ам.доллар л орж ирээд байна.