“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр өчигдрөөс ашиглалтад орлоо.

Үйлдвэрийн барилга нь газар доорх болон дээрх хэсгээс бүрдэнэ. Нийт 22 метр өндөр буюу 7 давхар барилгатай дүйцэхүйц юм. Зүүн бүсийн үйлдвэрийн ногоон бүсэд үйлдвэрийн инженерийн корпус /оффис/ 150 хүн хүлээн авах зоогийн газар, 300 ажилчдын амрах байрны 2 блок, ажилчдын хувцас солих, усанд орох байр, авто машины зогсоол, дулааны зуухны барилга байгууламжууд байрлаж байна. Жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.

Уг үйлдвэр одоогоор 256  хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэмж 800 гаруй хүн ажлын байраар хангагдана

Налайх дүүрэгт зургаан сарын дотор  баригдсан тус үйлдвэрийн нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Агаар, орчны бохирдол, Улаанбаатар хотын утааг бууруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал байлаа. 2018 онд 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрсний хэрэглээг хорьж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүндрэлтэй, эрсдэлтэй шийдвэрийг гаргаж байв. Олон хүн бүтэх боломжгүй, хотыг сайжруулсан түлшээр хангах хүчин чадалгүй гэсэн ч зориг гаргаж, эрсдэл үүрч шийдвэр гаргасны дүнд өнөөдөр 1,5 сая орчим хүн төвлөрсөн хотын утааг 50 хувь бууруулж чадсан. 

Утаа агаарын бохирдлын улмаас жил бүр шууд болон дам нөлөөгөөр 0-3 насны 400-450 хүүхэд, 2-2,5 мянган хүн эрсдэж байсан нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Гэтэл 20 жилд 700 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч үр нөлөө гаргаагүй байсан.

Зургаан сарын өмнө энэ талбай дээр хоосон байхад нь ирж байсан бол өнөөдөр сайхан үйлдвэр боссон байна. 

Баруун, зүүн бүсийн үйлдвэрүүдийг барьж, байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн нийт ажилтан албан хаагч та бүхэн болон “Эрдэнэс таван толгой” компанийн хамт олонд  Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” гэв.


Уг үйлдвэрийн нээлтээс гэрэл зургаар онцолж байна.