Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар нар өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.

Энэ үеэрээ Ерөнхий сайд "Мэргэжлийн хяналтын байгууллага зөвхөн хянан шалгаж, торгож шийтгэдэг байхаасаа илүү зөвлөдөг, тусладаг, урьдчилан сэргийлдэг, аж ахуй эрхлэгчдийн анд нөхөр байх хэрэгтэй. ААН-үүд та нараас зугтдаг биш ирж юмаа асуудаг, зөвлөгөө авдаг байгууллага болоосой гэж хүсэж байна" гэв.

Мөн тэрээр "Та бүхэндээ бас баярлалаа гэдгээ хэлэх гэж ирсэн. Коронавирусийн цар тахлаас иргэдээ хамгаалж чадаж байна. Дээрээс нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад тэргүүн эгнээнд идэвх, зүтгэлтэй ажиллаж байгаа хүмүүс бол мэргэжлийн хяналтын бие бүрэлдэхүүн юм. Тиймээс та бүхэндээ талархаж байна.

Манай улс дотооддоо коронавирус алдаагүй цөөн орны нэг болж үлдлээ. Өвчин зовлонтой тэмцэнэ гэдэг нь маш мэдрэмжтэй, цаг хугацаа алдалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай юм байна гэдгийг олж, хийж чадаж байна. Ухань хотоос 31 оюутнаа анх татаж авч байсан. Үүнээс хойш дэлхийн 81 орноос нийт 27.000 орчим иргэнээ эх оронд нь татаж аваад байна. 

Гэхдээ манай улс бүхэлдээ коронавируст бүслэгдсэн. Тиймээс коронавирус гэдэг дайсантай хориглон хамгаалах тулалдаан хийж байна. Бид энэ ажиллагааг маш хүнд нөхцөл байдалд зохион байгуулж байгаа учир асар өндөр сонор сэрэмжтэй ажиллах зайлшгүй шаардлагатай. Та бүхний ажлын үр дүнгээс энэ улс орны аюулгүй байдал шууд хамаардаг. 

Та бүхэн үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалдаг байгууллагын бүрэлдэхүүн хэсэг. Үүнийгээ маш сайн бодож ажилалж хэрэгтэй.

Нөгөө утгаараа Засгийн газрын нүд чих болж, улс орон даяар хууль сахин мөрдөлтийн биелэлтийг хангуулж, төрийн өмнөөс мэргэжлийн хяналтын хэрэгжүүлэх онцгой үүрэгтэй. 

Мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүхий л салбар чиглэлээр судлан нэгтгэж, тэдгээрийг боловсронгуй болгох саналаа жилд нэг удаа Засгийн газарт танилцуулж байх чиг үүрэгтэй. Харамсалтай нь энэ чиг үүрэг бүрэн хэрэгжиж чадахгүй байна. 

Үүнийг дараах цөөн жишээгээр хэлье.

- Санхүүгийн хараат бус, хөндлөнгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж чадахгүй болсноор төсвийн зарцуулалт, төрийн өмч, хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад тавих төрийн хяналт суларсан. 

- Хоёр жил тутам хийгдэх ёстой төрийн болон төрийн бус байгууллагын санхүүгийн хөндлөнгийн хяналт шалгалт хийгдэхээ больсон. Үүнийг дагаад санхүүгийн сахилга бат суларсан. 

- Засгийн газрын зарим тусгай сангийн үйл ажиллагаа доголдсон.

- Татвар төлөгчдийн мөнгийн хяналтгүй, зориулалтын бусаар зарцуулах явдал илэрч, хяналтын тогтолцооны гажуудлын үр дүн гарч байна. 

Миний бие Монгол Улсын төсвийн зарцуулалт зөвхөн үр дүнтэй, үр өгөөжөө ард түмэндээ хүргэдэг байгаасай гэж бодож байна. Хүнээ хөгжүүлсэн, иргэн төвтэй нийгмийн тогтолцоо байгаасай гэж бодож энэ зарчмын шаардлагыг та бүхэндээ тавьж ажиллаж байгаа. 

Иймээс санхүүгийн хяналтыг мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоонд буцаан шилжүүлэх чиглэлээр ажиллахыг Шадар сайд, Мэргэжлийн хяналтын удирдлагуудад үүрэг болгож байна. Санхүүгийн хяналтын тогтолцоог мэргэжлийн хяналтын байгууллага эргүүлэн авах ёстой. Ингэж байж ажил чинь урагшаа явна. 2014 онд энэ тогтолцоог үгүй хийсэн юм" хэмээлээ.