УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд намаас гарах өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд өгчээ.

МАН-ын Хяналтын хороо өнгөрсөн пүрэв гарагт хуралдаж, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт хариуцлага тооцож, 5 жил МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Улмаар дээрх гишүүд 2020 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болж буй юм.

Уг асуудал өчигдөр нэлээд шуугиан, маргаан үүсгэсэн. Хяналтын хорооны шийдвэрийн талаар Ш.Раднаасэд гишүүн "ийм шийдвэр гаргасан бол намайг Говь-Алтай аймгаас салгах гэсэн санаархал байх. Мөн энэ нь хууль зөрчсөн шийдвэр болно" гэсэн байр суурь илэрхийлсэн.

Гишүүдэд хариуцлага тооцсон асуудлаар МАН-ын бүлэг өчигдөр шуурхай хуралдсан ч нэгдсэн байр суурьт хүрэлгүй, намын дарга У.Хүрэлсүхэд уг асуудлаар намын Удирдах зөвлөлийг хуралдуулах санал тавьсан байна.

Улмаар МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр орой МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдах үед УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаас гарах өргөдлөө авчирч өгчээ.

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийвдэрийг бид эргэн мэдээллэх болно.