УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын зарим удирдах ажилтнууд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр МАХН Их чуулганаа зарлан хуралдуулах шаардлагатай байна. МАХН 2012 оноос хойшхи сонгуульд амжилтгүй оролцсон. Тиймээс Их чуулганыг хуралдуулах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

МАХН-ын дүрэмд зааснаар бол Бага чуулганы гишүүдийн гуравны нэг нь шаардаж, дэмжсэн нөхцөлд чуулганыг зарладаг аж. Тиймээс энэ удаагийн Бага чуулганыг зохион байгуулахын тулд гишүүд нь гарын үсэг цуглуулж, намын удирдлагадаа хүргэхээр болжээ.

Энэ тухайгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Энэ бол намын даргадаа хариуцлага тооцох тухай асуудал биш, намын бодлогын шинэчлэлийн асуудал байх болно" гэж тодотгон хэлсэн байна.