УИХ-ын гишүүн Н.Оюундарийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдсан. Энэ талаар гишүүн Н.Оюундарь "Миний хувь эзэмшдэг компани зээл аваагүй. Хүүгийн маань компани миний ямар ч оролцоогүйгээр зээл авсан байна. Хүний өмнөөс, хүүгийнхээ өмнөөс ЖДҮ-тэй холбоотой асуудалд уучлал гуйж байна. Сэлэнгэ аймгийн иргэд, сонгогчдоосоо уучлал гуйж байна" хэмээн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн.

Тэгвэл уг асуудлын талаар түүний хүү С.Бат-Ерөөл өчигдөр өөрийн цахим хуудаснаа" Миний 80 хувийн хувь эзэмшдэг "Рэд Стар клуб" ХХК ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай 2018 оны 5 дугаар сарын 30-ний өдөр хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийн 6 дугаар сарын 11-нд санхүүжилт орж ирсэн. Бид үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн нарийн ногоо тариалах 4 улирлын хүлэмж барьж экологийн эрүүл нарийн ногоогоор иргэдээ хангах төсөл хэрэгжүүлж эхлүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ цаг тухай бүрт нь хуваарийн дагуу төлж ирсэн. Бид тус зээлийг авах гэж төслөө өгсөн ч хэд хэд буцаагдсан тохиолдол бий. Олон дахин хөөцөлдсөний эцэст авахаар болсон.

Гэвч тус сангаас зээл авсан маань миний ээж УИХ-ын гишүүн Н.Оюундарийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, буруугаар ойлгосон хүмүүс ээжийг минь хардаж, албан тушаалаа буруу зүйлд ашигласан гэх мэдээлэл цацагдаж байна.

Тиймээс бид ЖДҮ-хөгжүүлэх сангаас авсан зээлээ хугацаанаас нь өмнө эргүүлэн төллөө. Та бүхнээсээ уучлал гуйж байна" хэмээн нийтлэжээ.