Л.Дэлгэрмаа
01 сарын 03, 2025
Эрүүл мэндийн сайдын санаачлан хэрэгжүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагыг чадавхижуулах бодлогын хүрээнд тус эмнэлгийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч, МУ-ын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны академич, доктор, профессор З.Лхагвасүрэнгээр ахлуулсан УНТЭ, Монгол-Японы эмнэлгийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний болон ХСҮТ-ийн хавдрын мэс засал, хими эмчилгээний төрөлжсөн мэргэшлийн хамтарсан үндэсний баг Монгол улсын баруун бүсийн тулгуур болох Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2024 оны 12 дугаар сарын 13-24-ний өдрийн хооронд амжилттай ажиллааад ирлээ.
Үндэсний баг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллах хугацаандаа зайлшгүй шаардлагатай 250 үйлчлүүлэгчид зүрх судасны төрөлжсөн мэргэшлийн үзлэг хийж, үүнээс 41 тохиолдолд зүрхний титэм судсан дотуурх оношилгоог, 18 эмчлүүлэгчид нийт 28 тэлэгч стент тавих эмчилгээ, 2 эмчлүүлэгчийн нарийсч, бөглөрсөн стентийг баллоон тэлэлт хийж сэргээх эмчилгээг тус тус хийлээ. Мөн зүрхний цочмог шигдээсээр өвчилж 24 цаг дотор хүргэгдэж ирсэн орон нутгийн 6 эмчлүүлэгчид яаралтай журмаар цаг алдалгүй титэм судсан дотуурх эмчилгээг хийж, амь нас эрсдэхээс сэргийлж чадлаа.
Тархины судасны ангиографийн оношилгоо эмчилгээг 14 тохиолдолд амжилттай хийснээс нугаламын артерийн 90 хувийн нарийсалтай тохиолдолд стент тавих ажилбарыг Бүсийн оношилгоо эмчилгээний төв дээр анх удаа хийж эхлүүллээ. Үүнээс гадна хэвлийн болон захын судасны ангиографийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр элэгний хавдрын судас бөглөх эмчилгээ 6, умайн хоргүй хавдрын судас бөглөх эмчилгээ 1, захын судасны ангиографийн эмчилгээг 1 тохиолдолд тус тус амжилттай хийсэн байна.
Үндэсний баг томилолтын хугацаанд “Түр зуурын Пейсмекер тавих заалт болон титэм судсан дотуурх эмчилгээний үр дүн” сэдэвт сургалтыг Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарт зохион байгуулж, нийт 50 гаруй эмч, мэргэжилтнийг ажлын байран дээр нь сургаж чадавхжууллаа.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулагдсан Судсан дотуурх оношилгоо эмчилгээ болон хавдрын төрөлжсөн мэргэшлийн баг батлагдсан хуваарийн дагуу 2024 онд Өмнөговь, Дорнод, Орхон, Ховд аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт ийнхүү амжилттай ажиллаж, иргэд үйлчлүүлэгчдэд оршин суугаа орон нутагт нь лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх замаар төв рүү чиглэсэн урсгалыг сааруулж, эрүүл мэндийн шалтгаант санхүүгийн эрсдлийг багасгахад бодитой хувь нэмрийг оруулсан үр дүнтэй ажил боллоо.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.