УГТЭ: Лаос эмч нарыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана

П.Мөнгөнсор
05 сарын 22, 2024

Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, менежментийн баг энэ сарын 6-10-ны өдрүүдэд БНАЛАУ-ын Вьентьян хотод ажиллаж, Лаос эмч нарыг чадавхжуулахад дэмжлэг үзүүллээ. Тодруулбал, манай улсын баг зүрх судасны тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлдэг туршлагаа хуваалцаж, цаашид нөхцөл байдлын судалгаа хийх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон аж. 

Манай улсад зүрх судасны өвчлөлөөс шалтгаалах нас баралт сүүлийн жилүүдэд буурч байгаа нь эрүүл мэндийн салбарын бодлого, эмч мэргэжилтнүүдийн хүчин чармайлт мөн УГТЭ-т хэрэгжиж буй “Зүрх судасны төв” төсөл үр дүнгээ өгч буйн илрэл юм. 

Харин Лаос улсын хувьд 7.5 сая хүн амтай, дундаж наслалт ±56. Тус улсын зүрх судасны тусламж үйлчилгээний хувьд нийслэл Вьентьяны төв эмнэлэгт суурилдаг бөгөөд орон нутгийн эмнэлгийн хөгжил харьцангуй сул, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зайлшгүй шаардлага үүсжээ. Тиймээс УГТЭ-ийн эмч нарын баг зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулсан 20 жилийн туршлагадаа тулгуурлан Лаосын төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг зүрх судсан дотуурх мэс ажилбарт сургах, нийт эмч нарын зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээний мэдлэгийг сайжруулах, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхогийн сургалтуудыг шат дараатай зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хамтран хийхээр санал нэгдсэн байна. Ингэснээр Лаосын зүрх судасны тусламж үйлчилгээг дэмжиж ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ. 

Цаашилбал, манай улсын эмч нарын баг Лаосын Махосол эмнэлгийн Лао-Люксембург Зүрхний төв, Миттапап Төв эмнэлэг, Вьентьян Аймгийн нэгдсэн эмнэлэг, Ван Виен дүүргийн эмнэлгүүдэд ажиллаж нөхцөл байдлын судалгаа хийжээ. Тэд томилолтын хугацаандаа Эрүүл мэндийн яам, аймгийн эмнэлгийн удирдлага, эмч нар, дүүргийн эмч нарын төлөөлөл, төрийн удирдах байгууллагын мэргэжилтнүүдийн оролцоог хангасан уулзалтыг зохион байгуулж Монгол Улсад зүрх судасны өвчний тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлдэг талаар танилцуулах, Лаосын зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулахад эмч нарынх нь  саналыг сонсох, монгол эмч нарын туршлагыг сурталчлах зэргээр уулзалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулжээ.  

Түүнчлэн, УГТЭ-ийн менежментийн баг Лаост ажиллах хугацаанд Монгол Улсаас Лаос улсад суугаа Элчин сайд, Лаосын Эрүүл мэндийн яам болон Лаос дахь Люксембургийн хөгжлийн агентын бүсийн төвийн удирдлагууд, эрүүл мэндийн төслийн багтай уулзаж санал солилцсон байна.

Холбоотой сэдвүүд

зүрх судас лаос угтэ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.