Анхны Ерөнхийлөгч П.Очирбат

/1993-1997 хооронд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв/


МУ-ын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 1993-1997 он хүртэл Төрийн тэргүүнээр ажиллаж байсан. Түүний ОХУ-д хийсэн айлчлал анхны айлчлалуудых нь нэг. Монгол улсад Ардчилал гараад удаагүй шилжилтийн үе байсан юм. 1993 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл Гадаад харилцааны яамны төв архивт хадгалагдсан байдаг. Уг айлчлалыг ЗХУ задарснаас хойш Монгол, Оросын анхны дээд хэмжээний уулзалт гэж үздэг. 

Уг тэмдэглэлд “Би ОХУ-ын дэд Ерөнхийлөгч А.Н.Руцкойтой машинд хамт явахдаа хоёр орны харилцааны талаар ингэж ярилцав. Хоёр орны хооронд байгуулсан бүх гэрээ хэлэлцээрийг эргэн хянаж /инвентаризация/ хүчингүй болгох шинэчлэх шинээр байгуулах хэрэгтэй” гэж байдаг.  

Монгол Улс айлчлалынхаа  хүсэлтийг ОХУ-руу 1992 оны II сарын 20-нд илгээж, 1993 оны I сард Төрийн тэргүүн П.Очирбат гэргийн Ж.Цэвэлмаагийн хамт ОХУ-д хийх айлчлалаа эхлэж байв. Тэд Москва хотноо Кремлийн ордонд нэгдүгээр сарын 20-нд хүндэтгэлийн зоог барьсан тэмдэглэл нь ч байдаг байна. 


"Түүхэн" гэсэн тодотголтой Н.Багабанди Ерөнхийлөгчийн айлчлал

/1997-2005 хооронд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв/

Н.Багабанди Ерөнхийлөгчийн айлчлал 1998 оны есдүгээр сарын эхний 10 хоногт гэсэн тов гарчээ. Энэ айлчлал тухайн үеийн Ерөнхийлөгч Багабандийн хувьд Хятад улсад хийсэн анхны айлчлал байсан юм. Архивт тэмдэглэгдэн үлдсэнээр “20 зуунд дахин давтагдашгүй гэдгээрээ онцгой хариуцлагатай “түүхэн” хэмээн утганд нийцэхээр бэлтгэж зохион байгуулах шаардлагатай” гэсэн тодотголыг тавьж байжээ. Төрийн тэргүүний айчлалууд бүтэн жилийн өмнө товлогдож тэр хугацаандаа хэлэлцэх асуудал, шаардлага, албан бичиг, танилцуулга гээд бэлтгэх ажлыг өндөр хэмжээнд хийдэг байснаараа багагүй хугацаа шаарддаг байсан нь айлчлалын тэмдэглэлд дурьдагдсан байдаг. 


Н.Энхбаяр анхны айлчлалаа БНХАУ-аас эхэлж байв

/2005-2009 хооронд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв/

Анхны айлчлалаа тэрбээр 2005 он 11-р сарын 27-оос 12-р сарын 3-ны хооронд БНХАУ-д хийж байв. “Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд уламжлал болоод байгаа өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээрийн үргэлжлэл бөгөөд Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн гадаадад хийсэн анхны айлчлал” хэмээн тэмдэглэгджээ.

БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 онд МУ-д хийсэн айлчлалын үеэр 300 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг энэхүү айлчлалын үеэр эцэслэн тохиролцож, гарын үсэг зурсан билээ. 


Ц.Элбэгдорж хоёр хөршөө анхны айлчлалдаа сонгоогүй

/2009-2017хооронд Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байв/

Ерөнхийлөгчдийн айлчлалын түүх ихэвчлэн хоёр хөршөөсөө эхэлдэг байсан бол Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд Энэтхэг улсаас анхны айлчлалаа эхэлж байв. Тэрбээр  Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг хатагтай Пратиба Патилын урилгаар 2009 оны 9 сарын 13-16-ны өдрүүдэд Энэтхэг Улсад төрийн айлчлал хийсэн .

Монгол Энэтхэгийн харилцаанд  гарсан ахиц, дэвшилд талууд сэтгэл ханамжтай байгаагаа айлчлалынхаа үеэр тэмдэглэж байж. Хоёр тал харилцаагаа “Иж бүрэн” түншлэлийн түвшинд ахиулж гаргахаар тохирсон юм.


120 хүний бүрэлдэхүүнтэй Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал

/2017-с хойш/

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын анхны айлчлал ОХУ-аас эхлэнэ.Тэрбээр ирэх сарын 6-7-нд Владивостокийн Русский аралд болох Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцох юм. Монгол Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 120 орчим албан тушаалтан болон бизнесийн хүрээнийхэн багтаад байна.Тус чуулга уулзалтад одоогийн байдлаар 24 орны төлөөлөгчид, түүний дотор Хятад, Япон, Австрали, Канад, АНУ, түүнчлэн Их Британи, Герман зэрэг Европын орнуудын төлөөлөгчид оролцохоо мэдэгдээд байгаа юм. Мөн тус чуулга уулзалтад Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцоно.