ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын урилгаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 9 дүгээр сарын 20-22-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Засгийн газрын гишүүний анхны гадаад айлчлал бөгөөд айлчлалын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай яриа хэлэлцээ хийнэ.

Айлчлалын үеэр 2019 онд байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-г соёрхон баталсан Батламж жуух бичгийг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцох ба ингэснээр уг гэрээг хүчин төгөлдөр болох юм.

Айлчлалын үеэр манай талаас дараах гол асуудлуудыг ярилцана.

- 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар ярилцана

- Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар

-  Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцана

- Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асудлаар ярилцана 

- Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ

- Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах

- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудлаар мөн ярилцахаар төлөвлөж байна. 

Сануулахад, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-нд Монгол Улсад айлчилсан. Үүнтэй холбоотойгоор сайд Н.Энхтайван тусгаарлалтад байгаа бөгөөд тусгаарлалтын байрнаасаа ОХУ-д айлчилж, ОХУ-аас ирээд дахин тусгаарлагдах аж.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам