Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид албаны болон хувийн автомашинаараа 07.00-22.00 цагийн хооронд зорчих нээлттэй болсон. Гэхдээ нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас олгож буй тусгай зөвшөөрөл бүхий QR кодыг онлайнаар авч, хуваарьт цагуудад зорчих юм.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар Э.Энхболд мэдээлэл өглөө.


Тэрээр "13 төрлийн чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчид болон байгууллагын тээврийн хэрэгслүүдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар хариуцан олгож байгаа. Үүнд цагдаагийн байгуулага хяналт тавин ажиллаж байна.

Иргэд QR бүхий тусгай зөвшөөрлөө хэвлээд авчихсан байх ёстой. Гэхдээ томоор буюу А4 хэмжээтэй хэвлэхгүй. А5 хэмжээтэй хэвлэнэ. Томоор хэвлээд урд шилэндээ наахаар үзэгдэх орчин хязгаарлах тул иргэд биедээ авч явж байгаа нь хяналт шалгалтад хүндрэл учруулж, цагдаа гаднаас нь шалгах боломжгүй болгож буй юм.

Та тусгай зөвшөөрлөө онлайнаар хүлээж авсан бол А5 хэмжээтэй хэвлээд автомашиныхаа урд талын шилний /жолоочийн эсрэг талд /дээд юмуу доод буланд нааж байрлуулна. Ингэснээр зам дээр үүрэг гүйцэтгэж буй цагдаа нар шалгах төхөөрөмжөөрөө таны QR кодыг машины гаднаас нь уншуулаад шаардлагатай мэдээллүүдийг авчихна. 

Хэрвээ хуваарьт бус цаг дээрээ хөдөлгөөнд оролцсон бол тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүсэлтийг Нийслэлийн онцгой комисст хүргэж ажиллаж байгаа. Тиймээс тусгай зөвшөөрөл авсан жолооч нар зөвшөөрөл дээрх оногдсон хуваарьт цагтаа замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай. 

Мөн байгууллагын гүйцэтгэж буй үүргээс хамаараад бүх цагт хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрлийг олгож байгаа. 

Зарим иргэн хэвлэж авч амжаагүй гээд утаснаасаа QR кодыг уншуулна гэж байна. Энэ нь цагдаа жолооч хоёр ойртож, эрсдэл үүсгэх учир заавал хэвлэсэн байх шаардлагатай.

Хуурамчаар тусгай зөвшөөрөл хэвлээд юмуу, өөр машины тусгай зөвшөөрлөөр хөдөлгөөнд оролцох боломж байхгүй" хэмээлээ.


QR код бүхий тусгай зөвшөөрлийг цахимаар авах заавар



Машины мэдээлэл цагдаад харагдах байдал


Тусгай зөвшөөрлийг хэрхэн авах талаар эрх бүхий 13 байгууллага, тэдгээрийн ажилчид нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын 18001200 дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 чиглэлийн байгууллага