Б.Баясгалан
01 сарын 06, 2019
Хуучин он улиран одож, шинэ он айлчлан ирж буй шинэ жилийн баяраар төрийн өндөрлөгүүд өнгөрсөн оны алдаа оноогоо дүгнэж, ирэх онд хэрэгжүүлэх гол ажлуудаа тодорхойлон, сайн сайхныг ерөөж мэндчилгээ дэвшүүлдэг уламжлалтай.
2018-2019 оны шинэ жилийн баярын мэндчилгээндээ Монгол Улсын Төрийн 3 өндөрлөгийн хэн нь юуг онцолсныг дараах эшлэлүүдээр хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээнээс онцлох эшлэлүүд:
-2018 онд бид улс төр-эдийн засгийн амаргүй сорилт, шалгуурыг даван туулж, итгэлцэл, эв нэгдлээ бататгасан жил боллоо.
-2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно.
-Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно.
-Шинэ онд айл бүхэн аз жаргалаар дүүрэн, хүн бүр хүсэл зорилгоо биелүүлсэн, амжилт бүтээлээр арвин, эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын мэндчилгээнээс онцлох эшлэлүүд:
-Хүүхдийг зөв хүмүүжилтэй, эрхэм ёс суртахуунтай, эрдэм боловсрол тэгш иргэн болгож хүмүүжүүлэх, тэдний өсөн торниж, сурч хөгжих таатай орчныг бүрдүүлэх, ядуурал хүчирхийллээс хамгаалах чиглэлээр 2019 онд илүү ихийг хийх нь нэн чухал.
-Улсын маань эдийн засаг хямралын цаг үеийг гэтэлж, 2016 оноос хойш тасралтгүй өсөж, 2018 онд 6.4 хувьд хүрлээ.
- “Жижиг, дунд үйлдвэрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн баригдаад байна. Оны эхээр Татварын багц хуулиудад өөрчлөлт оруулах хуулиудыг хэлэлцэж эхэлнэ.
-2019 онд эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна.
-Эвийг эрхэмлэж, итгэл сэтгэл нэгдэж, буруугаа засан, зөвд тэмүүлэх, хууль ёсыг чанд сахих нь ирээдүйн сайн сайханд хүрэх гол хөшүүрэг мөн.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээнээс онцлох эшлэлүүд:
-2018 онд Монголчууд бид чамлахааргүй ололт амжилт гаргаж, түүхэн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж чадлаа.
-Монгол улсын нэгдсэн төсөв сүүлийн 8 жилд анх удаа ашигтай гарлаа.
-2018 он шударга ёсны төлөөх салхи сэвэлзсэн он жил байлаа.
-Ирж буй 2019 онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөө үйл хэрэг улам эрчимтэй өрнөх болно.
-Төрд бугласан утаа мананг арилгах, Монгол хүн эх орныхоо баялагт эзэн байх, шударга нийгмийн төлөөх тэмцлээ цаашид тууштай үргэлжлүүлнэ.
-2019 он Монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө шударга ёсыг бэхжүүлсэн он байх болно
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.