Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг Дэлхийн цоохор ирвэсийн өдөр болгон зарлажээ.


Дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалахыг уриалахаар энэ өдрийг тэмдэглэдэг. Маш нууцлаг, үзэгдэх нь ховор цоохор ирвэсийн тоо толгой нийт 4000 гаруй ажээ. Үүнээс хамгийн олон буюу 2500 гаруй нь БНХАУ-д байдаг бол Монголд 2020 оны судалгаагаар 1000 гаруй байгааг тогтоосноор ирвэсийн тоо толгойгоороо дэлхийд хоёрдугаар бичигдэж байна. Эдгээр цоохор ирвэс Монгол Алтай, Говь-Алтай, Хангай, Саяны нурууг дамнан ойролцоогоор 328 мянган км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа нь дэлхийн нийт цоохор ирвэсийн 20 хувь гаруй гэсэн үг юм.

Монгол дахь цоохор ирвэс Монгол Алтай, Говь Алтай, Алтайн өвөр говь, Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд тархжээ. манай улс “Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах” хөтөлбөрийн хүрээнд цоохор ирвэсийн судалгааг хийсэн анхны улс болсон юм. Цоохор ирвэс БНХАУ, БНЭУ, Афганистан, Бутан, Казахстан, Киргиз, Балба, ОХУ, Пакистан, Тажикистан, Узбекистан зэрэг 12 улсад бий. 


Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн тогтвортой байдал, байгалийн тэнцвэрийг хадгалдаг. Ирвэстэй нутагт аргаль, янгир элбэг. Туурайтан амьтан олон байвал газрын гарц, бэлчээр, ус сайн байдаг тул онгон дагшин нутгийг илтгэнэ. Нутгийн иргэд “өндөр уулын эзэн” хэмээн авгайлдаг цоохор ирвэс хад асгатай ууланд амьдарч, хүн рүү дайрдаггүй аж. Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг, 10-13 насалдаг бөгөөд 14 метр хүртэл хол үсэрдэг. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэнэ. Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллоно. Түүнийг “Улаан ном”-д бүртгэж, агнахыг хуулиар хориглосон билээ.


Монгол Улс 2014 оноос энэхүү өдрийг тэмдэглэж эхэлжээ. 

Холбоотой сэдвүүд

амьтан ирвэс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.