П.Мөнгөнсор
10 сарын 21, 2024
Монгол Улсын Филармонийн үзвэрийн 52 дахь жилийн нээлтийг угтсан хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Энэ онд Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний 97, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим үүссэний 67, “Говь Гурван Сайхан” чуулбарын 57 жилийн ой тохиож байгаа аж.
Уг үйл явдлыг тохиолдуулан “Говь гурван сайхан” бүтээлийг видео клип болгон дүрсжүүлжээ.
Энэ талаар Улсын Филармонийн уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр “Анх 1971 онд зохиогдож байсан “Говь Гурван Сайхан” симфони найраглалын аудиог дахин сайжруулан бичиж, олны хүртээл болгож байна. Энэ агуу бүтээлийг чихээр сонсож, нүдээр үзэж баясна гэдэг хүнд мэдрэхүйн гайхамшигт таашаалыг өгөх болно” гэлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр зураач Б.Гэрэлцэцэгийн “Говь Гурван Сайхан” зураг болон Ялгуун брэндтэй хамтран гаргаж буй мерчендайз бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан нь онцлох үйл явдал боллоо.
Бүтээгдэхүүний дээжис болон “Говь Гурван Сайхан” зургийн хуулбарыг АЖ, ТШ Ц.Намсрайжавын хүү гавьяат хуульч Н.Лувсанжав, хүү УГЗ Н.Энхбаяр нарт дурсгал болгон гардуулав.
Монгол Улсын Филармонийн үзвэрийн 52 дахь жилийн нээлтийн тоглолт 2024 оны 10 дугаар сарын 24-нд 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглоно.
Тоглолт Ж.Ф.Хендэл, И.С.Бах, И.Ф.Стравинский, Ф.Лист, Л.В.Бетховен, Г.Холст зэрэг дэлхийн сонгодог хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс бүрдэх юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.