Шатахууны үнийн асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "2020 он гарсаар дэлхийн түүхий тосны олон улсын бирж дээрх үнэ 72 ам.доллараас унаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 14-нөөс шатахууны литр тутмын үнийг бууруулсан. 

Манай улс шатахууныхаа 95 хувийг ОХУ-аас авч байгаа. Үлдсэн 5 хувийг БНСУ, БНХАУ-аас худалдан авдаг.

Энэ оны нэгдүгээр сард А92 бензин литр тутамдаа 1830 төгрөгийн үнэтэй байсныг гуравдугаар сард 50 төгрөгөөр хямдруулсан. Гуравдугаар сарын 25-нд дөрөвдүгээр сарын хил үнэ тонн тутамдаа 192-209 ам.доллароор буусан. Үүний дагуу өнгөрсөн даваа гарагаас дөрөвдүгээр сарын бүтээгдэхүүн ОХУ-ын үйлдвэрээс Монгол Улсад ирж байна. Улмаар жижиглэнгийн худалдаанд түгээлт нь эхэлж байна. 

Үүний дагуу улсын хэмжээнд шатахуун түгээх бүх станцад шатахуууны үнийг буулгаж ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд бүгд буусан. Орон нутагт Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Архангай чиглэлээр өнөөдрөөс бууж байна. Орой гэхэд бүгд үнээ буулгаад жигдэрчих байх. Цаашид шатахууны буурсан үнийг тогтортой байлгах чиглэлд анхаарч ажиллана. Он гарснаар коронавирусээс шалтгаалж шатахууны борлуулалт 30-40 хувиар буурсан" хэмээлээ.

Энэ удаа шатахууны үнийг улс орон даяар 300 төгрөгөөр буулгаж буй аж.