УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар асуулга явуулж байна. Асуулгад холбогдох яам, байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд оролцож, УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Өнөөдөр Улаанбаатарчуудад гэр бүлээрээ угаартах айдас өндөр байна. Үүнд төр маш хойрго хандаж буйгаа анхаарах хэрэгтэй. Утаагүй болж буйтай санал нэг байна. Гэвч энэ нь маш их хортой байна. 

Яагаад Тавантолгойн өндөр илчлэгтэй нүүрсийг сайжруулсан түлш хийхэд сонгосон юм бэ. Үнэндээ энэ нүүрс, Багануур, Налайхынхаас азот, нүүрсхүчлийн хэмжээ өндөр, хүчилтөрөгч бага. Тийм байхад яагаад сонгов. Энэ өндөр илчлэгийг гэр хороололд хэрэглэж буй зуух, пийшинд яаж таарна гэж үзэв. Цаашид зуух, пийшин өндөр илчлэгийг даахгүй дэлбэрэх магадлал өндөр байна. Үүнийг яаж зохицуулах юм" хэмээн асуулаа.

Үүний хариуд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Шахмал түлш маш хортой гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Шахмал түлшний стандартыг анх 2014 оноос мөрдөж эхэлсэн. Өнгөрсөн 5 дугаар сард шахмал түлшний стандартыг илүү сайжруулж батласан. Чийглэгийн хэмжээ, хүхэрлэгийн хэмжээ зэргийг үзээд энэ бол хамгийн боломжийн стандарт гэж шинэчлэн батласан. Одоо үйлдвэрлэж буй түлш бол яг энэ стандартын дагуу үйлдвэрлэгдэж буй. 

Сайжруулсан шахмал түлш нь Налайх, Багануурын нүүрсний дундаж үзүүлэлттэй харьцуулахад чийглэг нь 2-3.7 дахин бага, дэгдэмхий бодис нь 2.5 дахин бага, илчлэг нь 1.5-2 дахин их юм. Нүүрсийг шатаахад бензол, нефолийн нэгдлүүд үүсдэг. Энэ нь хорт хавдрын гол эх үүсвэр. Шахмал түлшинд энэ байхгүй. 

Утаанаас ангижрах зорилгоор бүх улс орон шахмал түлш ашиглаж байсан. Үүний дараагийнх нь газ байдаг. Энэ шат дамжлагаар бид явах байх гэж бодож байна.

Мидлинг бол хүрэн нүүрс, коксжсон нүүрс хоёрын завсрын завсрын бүтээгдэхүүн. Дэлхийн зах зээл дээр өндөр өртөгтэй, нэг тонн нь 20 доллар байдаг. Энэ бол Багануурынхаас харьцангуй сайн нүүрс, эрчим хүчний сайжруулсан түлш.

Өнгөрсөн шөнө 20 градус хүйтэн хоносон, өглөө 5 градус хүйтэн байсан. Ийм байхад зуух дэлбэрсэн гэсэн дуудлага, асуудал ирсэнгүй. Бүх төрлийн зууханд хэрэглэсэн. 

Энэ жил бороо их орсонтой холбоотойгоор ханийн пийшинтэй айлуудад асуудал байгаа. Ханийн пийшингийн янданг хөөлөөгүйгээс орсон ус нь барьцалдаж хоолойг нь багасгаж, бөглөдөг. 

Асуудал юунаас үүсээд байна вэ гэхээр энэ нүүрс 2 дахин илчлэгтэй, удаан шатдаг. Энэ үед нь иргэд яндангийнхаа хоолойг хааснаас угаартаж байна. Саяхан Нийслэлийн мэргэжилтнүүд нэг айлын ханан пийшинг цэвэрлэж үзэхэд 2 шуудай үнс, хог гарсан гэж байна. Үүнд анхаарах ёстой" хэмээн хариуллаа.


Чуулганы хуралдаан үргэлжилж байна.