Б.Баясгалан
10 сарын 30, 2019
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
11 дүгээр сарын 1-нээс 2020 оны 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд гэр хорооллын өрхүүдийн оройн 09.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгаанд хөнгөлөлт үзүүлэх юм.
Тарифын хөнгөлөлтөд 2017 онд 6 тэрбум, 2018 онд 9 тэрбум, 2019 онд 20 тэрбум төгрөгийн зарцуулж байсан бол 2020 онд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр тооцжээ. Шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргаж буй.
Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Холбогдох тогтоолууд албан ёсоор батлагдаж нөгөөдөр буюу 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Тодруулбал, нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн 21.00-06.00 цаг хүртэлх хугацаа буюу нийт шөнийн есөн цагийн турш хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлж тэглэнэ. Харин аймгийн төв болон 10.000-аас олон хүн амтай сум, суурин газруудын шөнийн тарифыг дээрх хугацаанд 50 хувь хөнгөлнө.
220 вольтын хүчдэл хэрэглэж буй айл өрхүүд сард 700 кВт, 380 вольтын хүчдэл хэрэглэж буй өрхүүд сард 1500 кВт-ын хөнгөлөлт эдэлж байгаа. Үүнээс илүү гарсан хэрэглээг нь мөн 50 хувиар хөнгөлнө.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 1044 мГв-д хүрсэн байна. Жилд 60-80 орчим мГв-аар нэмэгдэж байгаа.
Тарифын хөнгөлөлтөд нийслэлийн 116.000 өрх, улсын хэмжээнд нийт 160.000 өрх хамрагдахаар байна. Өмнө нь бүсээр хамааруулдаг байсан бол одоо бүс биш гэр хорооллын хоёр тарифт тоолууртай бүх өрхийг хамруулж буй.
Нэг зүйл сануулахад, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хоёр тарифт тоолууртай айл өрхүүд эдэлнэ. Тэгж байж өрхүүдийн өдөр, шөнө хэрэглэсэн цахилгааныг ялгана. Тиймээс өрх бүр заавал хоёр тарифт тоолууртай болох ёстой" хэмээн мэдээллээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.