ЛОНДОН. /BBC/. Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани Их Британи дахь үйлдвэрлэлээ өргөжүүлж, цахилгаан хөдөлгүүртэй “Mini” загварын авмомашинуудаа Коули хотод 11 дүгээр сараас үйлдвэрлэж эхлэхээр болжээ.

Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй “Mini”-г ирэх 2020 оны гуравдугаар сараас худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна. "Их Британи Европын Холбооноос гэрээгүй гарсан тохиолдолд тус улс руу автомашины үйлдвэрлэлээ шилжүүлэхгүй" гэж “BMW” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн энэ оны эхээр мэдэгдсэн юм. 

Харин “BMW” компанийн Их Британи дахь төлөөлөгч Дэвид Жорж “BBC” сувагт мэдээлэхдээ, “Brexit” хэдий хэмжээний нөлөө үзүүлэх эсэхийг тодорхойлоход эрт байгаа бөгөөд Их Британид сүүлийн жилүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тул тус улс дахь үйлдвэрлэлээ өргөжүүлэх шийдвэрийг гаргасан гэжээ. 

Дэлхий нийт байгаль орчинд ээлтэй автомашинуудыг илүүд үзэх болсонтой холбогдуулан автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлдээ гол анхаарал хандуулах болсон юм. 

“Хэрэглэгчдийн хувьд цахилгаан хөдөлгүүртэй автомашин ердийн сонголт болох эрин эхэлж байна. 2023 он гэхэд манай компани цахилгаан хөдөлгүүртэй 25 загварыг хэрэглэгчдэдээ санал болгоно” гэж “BMW” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн Оливер Зипсе мэдэгджээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг