АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хэвлэлийн нарийн бичиг Кэйт Миллер өнгөрсөн Баасан гаригт коронавирусийн халдвар тусчээ.

Цагаан Ордонд коронавирусийн халдвар туссан хоёр дахь хүн боллоо. Миллер нь сэтгүүлчидтэй байнга харьцдаг байсан учир сэтгүүлчдийг шинжилгээнд түлхүү хамруулж эхэлсэн байна. Мөн түүний нөхөр Стефен Миллер Цагаан Ордонд ажилладаг бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын ахлах зөвлөхөөр ажилдаг, түүний олны өмнө хэлэх үгийг бичдэг гол хүн учир Цагаан Ордны баруун жигүүрийг нэлээн түгшээжээ.


Амны хаалт хэрэглэдэггүй гэдгээрээ нэлээн шүүмжлүүлдэг Дэд Ерөнхийлөгч Майк Пенс өдөр бүр шинжилгээ өгч байна. Тэрээр өөрийгөө тусгаарлах төлөвлөгөөгүй байгаа бөгөөд даваа гаригт буюу өнөөдөр Цагаан Ордонд ажилдаа ирнэ гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригт Майк Пенс амны хаалтгүй эмнэлэгт очсон юм. Миннесота мужид байдаг АНУ-ын хамгийн шилдэгт тооцогддог Майёо Клиник эмнэлэг 4500 гаруй эмч, ажилчидтай бөгөөд бүгд амны хаалт хэрэглэх ёстой гэсэн тус эмнэлэгийн дүрмийг үл тоон амны хаалтгүй зочилж эмч, эмнэлэгийн ажилчид, өвчтөнүүдтэй уулзсан юм.


Эх сурвалж: BBC