Хатуу хөл хорионы үед зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар УОК-оос нэгдсэн байдлаар мэдээлэл өгөхөөр болжээ. Өнөөдрийн мэдээллийг УОК-ын гишүүн, Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг өглөө.

Тэрээр "Энэ сарын 11, 12-нд массын дундаас буюу нийт 91.000 өрхөөс шинжилгээ авахад нийт 4 хүнээс коронавирус илэрлээ. 

Өчигдөр нийт 40, өнөөдөр нийт 46 тохиолдол илэрсэн. Эдгээр 86 тохиолдлын 4 нь дээр дурдсан өргөтгөсөн шинжилгээгээр илэрлээ. Бусад нь өмнөх тохиолдуудын хавьтлууд байна.

Тархвар судлаачид массын дунд далд хэлбэрээр халдвар тээгчид олон байна гэж тооцоолж байсан бол эхний 2 өдрийн дүнгээс харахад харьцангуй цөөн байна. Энэ нь иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн мөрдөж буйн илэрхийлэл. 

Энэ сарын 23-ныг хүртэлх 12 өдрийн турш нийт 411.000 өрхөөс шинжилгээ авахын гол зорилго нь:

1. Халдварын голомтыг хумих, далд байгаа халдварыг эрт олж илрүүлэх. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт коронавирусийн 115 голомт байна. Массны дундаас шинжилгээ авсан 2 өдөрт 3 голомтыг илрүүлсэн.

2. Иргэдээ коронавирусийн эсрэг вакцинд шат дараатай хамруулах үндсэн нөхцөлийг бий болгох. 

3. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бизнесийн салбаруудаа нээж эхлэхэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлээд бизнесийг хэвийн явуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах суурь нөхцөлийг бий болгох гэсэн үндсэн 3 зорилготой.

Массын дундаас халдвар илэрсэн тохиолдолд нэгдүгээр болон дам хавьтлуудыг гэрт нь тусгаарлана. Илэрсэн 4 тохиолдын хувьд ч тийм арга хэмжээ авч ажиллаж байна. Өмнөх шигээ тусгаарлах байр болон зочид буудалд тусгаарла ажиллагаа хийгдэхгүй.

Өнөөдөр 20.000 орчим өрхөөс шинжилгээ авна. Улмаар Улаанбаатарт байгаа коронавирусийн 115 голомтын хамгийн идэвхтэй голомтууд буюу дам хавьтал байж болохоор 100.000 орчим өрхөөс эхний гурван өдөрт шинжилгээ авч дуусна.

Эдгээр 100.000 өрхийн дунд нөхцөл байдал хүндрээгүй байна гэсэн дүгнэлт гарвал тактикийн хувьд маргаашаас нийслэлийн захын хорооллууд, идэвхгүй байсан 80 гаруй голомтод буй өрхүүдээс PCR шинжилгээ авах ажиллагааг үргэлжлүүлнэ" хэмээлээ.