Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Алтанбулаг боомтоор ачаа тээвэрлэхийг 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хоёр сарын хугацаанд хаахаар шийдвэрлэлээ. Эцсийн шийдвэрийг маргааш Засгийн газар гаргана.

Уг шийдвэртэй холбоотойгоор УОК-ын гишүүн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Алтанбулаг боомтыг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхвий гэдэг асуудал байгаа. Гэхдээ өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөх хэмжээний импортын бүтээгдэхүүн байхгүй гэж үзсэн. Өндөг л байж болно. Манай улс өндөгний хэрэглээнийхээ 50 хувийг импортоор авдаг. Импортын өндөгний 94 хувийг ОХУ-аас Алтанбулаг боомтоор авдаг. 

Нефтийн бүтээгдэхүүний импортыг зогсоохгүй, Сүхбаатар боомтоор төмөр замаар орж ирнэ. Тиймээс нефтийн бүтээгдэхүүний хомсдол бий болохгүй гэж үзэж байна" хэмээлээ.