Д.ЭРДЭНЭТУЯА
06 сарын 21, 2023
Өмнийн говь гантай, мал амьтан уух ус битгий хэл хамар хатгах ч өвс алга. Говийн цөлөрхөг хээрийн бүс нутаг болоод ч тэр үү Манлай сумаас Ханбогд орох замд дээрээс нар, доороос элс төөнөн, аагим халуун дотор давчдуулна.
Хангайн бүсгүй би бээр цонх ширтэн “Зэрэглээнээс өөр ханьгүй, эзэнгүй энэ цөлд ганцаараа үлдвэл нэг ч хүн таарахгүй, ус ч олдохгүй, халуунд ёстой нөгөө хонин гүрвэл гээч нь болох байх даа” хэмээн бодлогоширч явав. Усгүй бол ер нь үхэж мэдэх...
Орон нутгийн томилолттой баг бүрэлдэхүүний цуваанд явсан, бидний хөлөглөсөн машин гэнэт чиглэлээ өөрчлөн давхиж, бодол сарниулах нь тэр. Холын бараа ажвал, нэг хар юмны хажууд ганц унага бөртөлзөх аж.
Бичлэг үзэх:
“Элсэн говьд цор ганцаараа төөрч дээ” гэж бодолхийлсээр ойртон очвол харангадаад унасан эхээсээ холдож чадахгүй хөөрхий даага, гагцхүү нүд нь л хөдлөх гүү хоёр аврал эрэн буй нь үнэхээр өрөвдөм, өр зүсэм байлаа.
Уншигчид андахгүй биз ээ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга асан С.Мөнхчулууныг. Томилолтоор явахдаа нэг машинд сууж таарч, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албаны Ерөнхий Аудитороор томилогдсон өдөр нь бид танилцсан хэрэг л дээ. Тэр сэтгэл сайтай залуу юм.
Харангадаад унасан гүүг аврах санаа түүнийх байсан. Манай машинд мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн жолооч Г.Намжинбаатараас гадна Gerelmedia.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа, Tand.mn сайтын сэтгүүлч Н.Мөнхтунгалаг, миний бие Peak.mn сайтыг төлөөлж явсан юм.
Машины хаалга онгойлгов уу, үгүй юү халуун агаар пүнхийтэл бүчээд авав. Бидний халууцах ч дүүрч. Хамгийн гол нь харангадсан гүүг амьд байгаасай, босоод ирээсэй л гэж хэн хүнгүй залбирсаар очсон.
Машинд байсан бүх цэвэр усаа авчран, гүүний ам руу “цутгаж”, жолоочийнхоо уурхайд өмсдөг малгайг сав болгон ашиглалаа. Нүхээр нь ус урсаад, цэвэр усны гялгар уут дэвсэж байгаад чадах чинээгээрээ гүүнд ус өгөв. Харангадсан гүүний нүд сэргээд, аврах итгэл найдвар улам батжаад ирсэн юм.
Хөөрхий минь, эх үрийн холбоо хэчнээн агуу юм бэ. Эх амьтан болсон хойно үрээ орхихгүйг хичээн, хөл дээрээ тэнцэж босох тэмүүлэл их, өөрөө өндийх гэж чармайж байлаа.
Төд удалгүй жийптэй нэгэн залуу бидэн дээр ирэв. Өглөө тэр хавиар явахдаа сайхь даага, гүү хоёр дээр ирж машиндаа байсан усаа өгөөд, зайдуухан байгаа нутгийн малчныд очиж хэл дуулгаад явжээ. Тэрбээр даага, гүү хоёрын өрөвдөм байдалд сэтгэл зовниж, эргээд ирснээ хэлэв. Нэрийг нь асуух ч завдал болоогүй, хожим Даваадалай гэдэг болохыг мэдсэн юм.
Түүний араас нутгийн малчин эхнэрийн хамт “Портер” машинтайгаа давхин ирлээ. Малчны ярьж буйгаар, эл нутагт өнгөрсөн оны долдугаар сараас хойш нэг ч дусал бороо ороогүй, мал амьтад харангадаж үхсээр байгаа ажээ. Хайран бөгөөд харамсалтай.
Нутгийн малчид ирээгүй, хүн хүч цөөн байсан бол хөөрхий гүүг аварч амьдруулах ур, ухаан бас дутах байжээ. Ус л өгчихвөл дорхноо босоод ирэх юм шиг санасан хэрэг л дээ, бид. Харангадаад унасан малд хамаагүй их шингэн уулгаж болдоггүйг малчин эр ойлгуулсан.
Бид хүчээ нэгтгэн, малчны зөвлөснөөр, гүүний хэвлий доогуур уяа оруулан дэмнэж, тал талаас нь өргөж, хөл дээр нь босголоо. Эх нь өнхрөөд, ганцааранг нь торойлгоод үлдээчихсэн бол гэсэн өр зүсэм бодол ул мөргүй арилахтай зэрэгцэн баярлаж буйгаа илэрхийлж байна уу гэлтэй хөөрхий даага биднийг тойрон хэсэг давхисан юм.
Говьд харангадаж үхэхээс аврагдах мал амьтад байх ч цаана нь хэчнээн нь аврал эрэвч тусламж авч чадалгүй үхэж үрэгдэж байгаа бол гэж бодохоос харамсах. Байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаалахгүй л бол сүйрэл хаяанд ирсний дохио энэ буюу.
С.Мөнхчулуун хэлэхдээ “Өмнөговийн Манлай сумаас Ханбогд орох замд замын хажууд нэг гүү харангадаж унасан, даага нь эхийнхээ хажуунаас холдохгүй зогсож байгаа нь элэг эмтэрмээр байсан. Харангадсан гүүнд ус өгч босгоод, худаг чиглүүлээд орхисон.
Яасан бол гэж санаа зовоод байсан, бороо орсныг сонсоод сэтгэл сайхан болчихлоо. Өнгөрсөн долдугаар сараас хойш бороо ороогүй байсан говьд бороо орж, газар дэлхий дэвтэхийг сонсох сайхан байна. Хурай хурай хурай. Одоо “Орхон Говь”, “Хэрлэн Говь” төслүүдээ хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна” гэв.
Гадны хэвлэл мэдээллээр амьтад аварсан баатарлаг хүмүүсийн бичлэг үзэж талархаж байснаас өөрөө нэгэн амь авралцаж, буянтай үйлсийн гэрч болж баярлана гэж санаж явсангүй. Ямартаа ч олны дэм хүчээр бид эх, үр хоёрыг хагацлын зовлонгоос аварч чадсандаа сэтгэл дүүрэн, жаргалтай Ханбогдын зүг хөлгийн жолоо залсан юм.
ДОРНОГОВЬ, ӨМНӨГОВИЙН НИЙТ ГАЗАР НУТГИЙН 50-70 ХУВЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН
ДОРОЙТОЛД ӨРТЖЭЭ
Монгол орон газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдаж буй.
Сүүлийн 80 жилийн уур амьсгалын үндсэн үзүүлэлтийн ажиглалтаар Монгол орны хэмжээнд дундчилсан байдлаар жилийн агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 8 хувиар буурчээ (MARCC, 2014).
2020 оны байдлаар Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтсон. Үүнээс нэн хүчтэй 4.7 хувь, хүчтэй 18.6 хувийг эзлэх ба засаг захиргааны нэгжийн хувьд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70 хувь цөлжилт, газрын доройтолд өртжээ.
Дэлхий дээрх байгалийн юмс бүхэн ямар нэг үүрэг, зориулалттай. Монголчууд бид өөрсдөө байгальд ээлгүй хандаж, амин хувийн ашиг сонирхлоо урьтал болгож, цөлжилтөд хувь нэмрээ оруулсаар буй.
Сүүлийн жилүүдэд чулууг хууль бусаар хил давуулж, хэдэн зуун мянга, сая тонноор нь гаргасан. Олон газар нутагт ширхэг ч өнгөт чулуугүй, тэр ч бүү хэл цөлжилт бий болж, шороогоор амьсгалах болсон нь харамсалтай.
Хөрстэй нягт холбогдон байрласан, хаа сайгүй газраас ургасан мэт чулууд байгаль тэр дундаа усны эргэлтийн үйл явцад чухал нөлөөтэй. Чулуу нь хуурайшилтын үед ой модны чийгшлийг тогтвортой байлгах үүднээс өөрийн хуримтлуулсан усыг хөрсөнд шингээдэг. Тухайн хөрс хагарч, эвдрэлд орсон ч чулуу энэхүү үүргээ гүйцэтгэсээр байдаг тухай Остны их сургуулийн судлаачид бичжээ.
Мөн чулуу хөрстэй нарийн, олон тооны сүвээр холбогддог бөгөөд энэхүү нүхээр ус шингээх, дамжуулах үүргээ гүйцэтгэдэг тул байгалийн усны эргэлтийн салшгүй нэг хэсэг болдог байна.
Судлаачид илүү нарийн судалгаа явуулахын тулд Калифорни мужийн хэсэг ойг сонгон авч судлахад ойролцоогоор борооны усны 27 хувь орчим нь чулуунд шингэдэг гэдгийг тогтоосон байдаг.
Хуурайшилт ихтэй үед ч модод амьд үлддэгийн цаана усыг нөөцөлж, хэрэгтэй үед гаргадаг чулуу л байжээ.
Ангасан говьд ус юу юунаас илүү чухал болохыг сануулж, арга хэмжээ авч, иргэд, мал амьтдаа аврах гарц шийдлийг яаралтай олох шаадлагатайг төр засагт уламжилъя!
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.91.128] ・ 2024.05.14 Хариулах
Сайхан сэтгэлт хүмүүсдээ баярлалаа
Зочин [78.109.34.56] ・ 2023.06.30 Хариулах
Хятад руу маш их чулуу гаргасан.
Зочин [103.254.123.26] ・ 2023.06.21 Хариулах
Turd garaad mungund ulairsan nowshnuudiig bodhoor gol harlaj bn vvniig vzeed vneheer ih haramsaj nvdnii nulimas asgach bn
Зочин [66.181.161.134] ・ 2023.06.21 Хариулах
ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ ГЭЖ ЭНЭ ШҮҮ ДЭЭ
Санал болгох
1 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
2 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
3 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
4 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
5 Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ