Сөүл хотын Боловсролын газраас сургуулиудад компьютер, техник хэрэгслийн дэмжлэг үзүүлнэ

Л.Дэлгэрмаа
09 сарын 14, 2022

БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын Сургалтын алба нь НЗДТГ-тай 2006 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд багш нарын ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийн сурч, хүмүүжих сургалтын орчин нөхцөлийг сайжруулах үүднээс жил бүр компьютер, техник хэрэгслийн туслалцаа үзүүлж ирсэн. 

Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга И.Баатархүү өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын Сургалтын албаны захирал И Хён Жүн тэргүүтэй албаныхныг хүлээн авч уулзлаа.

НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас танхимын хичээл, сургалтын үйл ажиллагаа тасалдаж, алсын зайн сургалтаар хичээллэх ажлыг зохион байгуулж, амаргүй цаг хугацаа өнгөрүүлсэн. Энэ үед танай байгууллагаас олгосон компьютер, техник хэрэгслийн туслалцаа сурагчдыг сурч боловсроход бодит дэмжлэг болсон. Иймд хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна” хэмээсэн юм.

Сөүл хотын Боловсролын газрын Сургалтын албаны захирлын зүгээс цаашид компьютер, техник хэрэгсэл олгох дэмжлэгээ үргэлжлүүлэх болно гэдгээ илэрхийлж байлаа. Энэ жилийн компьютер, техник хэрэгслээр дэмжлэг үзүүлэх сургуулиудыг сонгосон бөгөөд тэдгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцана гэв.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой сэдвүүд

ебс нөүтбүүк сурагчид хот2022

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.