ШӨХТГ-ын удирдлагууд /2020/09/08/ сүүний үйлдвэрүүдийн төлөөлөлтэй цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр коронавирусийн цар тахлаас урьдчилсан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа цаг үед бүтээгдэхүүний үнээ 100 төгрөгөөр нэмсэн “Сүү” ХК-ийн удирдлагад албан шаардлага хүргүүлж, нэмсэн үнээ буулгахыг шаардлаа.

Харин уулзалтад оролцсон Монгол улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн хууль, хүний нөөцийн албаны дарга н.Цэрэндорж бэлтгэн нийлүүлэгчдээсээ авдаг сүүний үнийг 9 дүгээр сарын нэгний өдрөөс 100 төгрөгөөр нэмсэн учраас бүтээгдэхүүний үнээ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн гэж тайлбарлав.

Гэтэл энэ тайлбар нь УИХ, ЗГ-аас баталсан хууль, тогтоомжтой зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл компани, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, цар тахлын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй байх үүрэгтэй.  Иймээс ШӨХТГ, Татварын ерөнхий газар, МХЕГ, Гаалийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүстэй хамтран “Сүү” ХК сүү, сүүн бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхэд шалгалт хийж, холбогдох гэрээ материалтай танилцахаар боллоо.

Уулзалтад оролцсон сүүний үйлдвэрүүдийн төлөөлөл ярихдаа малчид, фермер эрхлэгчдэд сүүний урамшуулал сүүлийн хоёр жилийн хугацаанд олгогдоогүй. Мөн өвс, тэжээлийн үнэ нэмэгдэж байгаа талаар ярилаа. Тухайлбал өнгөрсөн жилийн өдийд фермер эрхлэгчид хадлангийн салаан дээрээс нэг боодол өвс 2500-3500 төгрөгөөр авдаг байсан бол одоо 5500-6000 төгрөгт хүрчээ.