Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, "Монголд зочлох жил"-ийн хүрээнд Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг энэ сарын 22-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж, шилдгүүдэд шагналыг нь гардуулав.

Азийн физикийн олимпиадад 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдөв. Нийт 50 онооны таван бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжжээ. Тус олимпиадын нэгдсэн дүн мэдээ өчигдөр (2023.05.27) гарав. 

Энэ удаагийн олимпиадаас:

Тусгай байрын болзол хангасан 34 сурагч, 

Хүрэл медалийн болзол хангасан 23 сурагч,

Мөнгөн медалийн болзол хангасан 17 сурагч, 

Алтан медалийн болзол хангасан 33 сурагч тодорч, зохион байгуулагчдаас шагналаа гардлаа. 

Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадаас Тайвань 5 алт, 2 мөнгө, Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл, Израиль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн болзол хангажээ.

Олимпиадын уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагчийг тодруулдаг. Энэхүү олимпиадын 

Онолын бодлогын ялагчаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао, 

Туршилтын бодлогын ялагчаар ОХУ-ын сурагч Игорь Потапов, 

Үнэмлэхүй аваргаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао нар тус тус шалгарав. 

Үнэмлэхүй аваргаар шалгарсан БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао "Физик сонирхоод, гурван жил болж байна. Бодлогын хувьд бага зэрэг хэцүү байлаа. Бодлого бодож байхдаа сандарсан ч чадлаараа хичээсэн. Хятадад болдог физикийн тэмцээнд оролцож байсан. Монголд анх удаа ирж байна. Агаар нь хуурай, салхитай юм. Өглөөний цайнд өгдөг сүү нь таалагдсан. Монголчууд их найрсаг хүмүүс юм" гэв.

Туршилтын бодлогын ялагчаар шалгарсан ОХУ-ын сурагч Игорь Потапов "Монгол физикчдийн зохиосон бодлого, асуултууд хүнд боловч сонирхолтой байлаа. Түүнийг бодох надад сайхан туршлага боллоо. Монголд зөндөө олон зүйл үзэж сонирхсон. Монгол Улс маш их таалагдлаа, үзэсгэлэнт байгальтай сайхан орон юм. Харамсалтай нь, энэ хугацаанд монгол найз нөхөдтэй болж чадсангүй. Малайзад ирэх жил болох тэмцээний үеэр монгол найзтай болно гэж найдаж байна" гэж хэлэв.

Азийн физикийн олимпиадаас Хятад, Оросын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33.5 оноог мөн Хятадын сурагч авсан байна. Зохион байгуулагч орон Монголын багаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртлээ. Монгол Улс ийнхүү 14 жилийн дараа дахин хүрэл медаль  хүртэв. 

Олимпиадын хаалтын ажиллагааны үеэр 24 дэх удаагийн олимпиадыг зохион байгуулах орноор Малайз улсыг нэрлэж, шилжин явах тугийг хүлээлгэн өгөв.