СУДАЛГАА: Дэлхийн хүн амын 99 хувь нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалдаг

Л.Дэлгэрмаа
09 сарын 07, 2022

Энэ жил "Цэнхэр тэнгэрт цэвэр агаар" олон улсын өдрийг хил дамнан зах хязгааргүй тархах агаарын бохирдолд анхаарлаа хандуулж, хамтын хариуцлагатайгаар арга хэмжээ авах шаардлага тулгарч байгааг онцолж "Бидний амьсгалж буй агаар нэг" уриа дор нэгдэж байна. 

ДЭМБ-ын сүүлийн үеийн тооцоогоор дэлхийн хүн амын 99 хувь нь аюулгүй хэмжээнээс хэтэрсэн бохир агаараар амьсгалж байна. Энэ нь манай гаригийн орчны эрүүл мэндийн хамгийн том аюул тулгарч байгааг илэрхийлж байгаа юм.  Жил бүр 7 сая орчим хүн цаг бусаар эндэж байгаа бөгөөд тэдний 90 гаруй хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад ногдож байна. 

Агаарын бохирдолд хил хязгаар гэж үгүй. Агаар бохирдуулагч хортой нэгдлүүд нь 3-4 хоногийн дотор тив дамнан туулан өнгөрөх боломжтой. Иймээс бид үүнийг бүс нутаг, хил дамнасан асуудал хэмээн хамтдаа оролцож, шийдвэрлэх хэрэгтэйг илтгэж байна. 

Өнөөдөр машинаас ялгарч буй бохирдуулагч таны хүүхдүүд, хөршийнхөн, олон мянган бээрийн цаана  амьдарч байгаа хамаатан саданд тань хүртэл багтраа өвчин үүсгэх боломжтой. 

Иймд олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, агаарын бохирдлын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах чиглэлд UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага, UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран ажиллаж байна.  

Энэ хагас сайн өдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болох "Тогтвортой хөгжил - 2022" нээлттэй өдөрлөгт урьж байна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.