Ирэх Даваа гарагаас тээврийн хэрэгслийг хэвийн горимд шилжүүлэх өөрчлөлт орсон болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Өөрөөр хэлбэл амралтын хоёр өдөр улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах юм байна. Харин Даваа гарагаас  тээврийн хэрэгслийг энгийн горимоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарчээ.

УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжүүлээд байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А 357 дугаар захирамж гарч үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах болсон.

Тэгвэл энэхүү хязгаарлалт нь өнөөдөр, маргааш буюу хагас, бүтэн сайн өдрүүдэд хэрэгжих бөгөөд энэ сарын 10-наас буюу ирэх Даваа гарагаас хэвийн горимд шилжүүлж, 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.

Ийнхүү автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлсэн ч халдварийн нөхцөл байдал буураагүй байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, онцын шаардлагагүй бол аль болох гадуур зорчихгүй, олон хүн цугларсан газар очихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.