Б.Баясгалан
02 сарын 16, 2019
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг томилохоос татгалзаж буйгаа илэрхийлсэн албан бичгийг НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн.
Тэгвэл энэ талаар НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Нийслэлийн Засаг даргаар сонгогдсон С.Мөнхчулуун өнөөдөр өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр "Миний биеийг Нийслэлийн Засаг даргаар батламжлахаас татгалзсан тухай Монгол улсын Ерөнхий сайдын 2019.02.15 ны өдрийн ЗГ-1/21 дугаартай албан бичиг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээгээр явсантай холбогдуулан маш олон найз нөхөд, иргэд сонгогчдын зүгээс надаас талаар тайлбар асууж байна.
Өчигдөр 17:47 цагт НИТХ ажлын албаны дарга утсаар залгаж татгалзсан бичиг ирсэн тухай танилцуулаад, хуулбарыг нь явуулъя гэж хэлсэн. 18:18 цагт би хуулбарыг чатаар авсан.
Надад одоогоор өөр мэдээлэл байхгүй. Өнгөт зургийг нь хэвлэлээс л олж харсан болно. Намайг дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа. Итгэлийг зүтгэлээр хариулах болно" хэмээжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар нууц санал хураалт явуулж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар сонгосон юм. Түүнийг томилох эсэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх эцэслэн шийдвэрлэж, батламжлах журамтай аж.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх санал хураалтаас нэг сарын дараа буюу өчигдөр ТАТГАЛЗАЖ буйгаа албан ёсоор мэдэгдлээ.
Хотын даргад С.Мөнхчулуунтай НИТХ-ын дарга С.Амарсайхан өрсөлдсөн юм.
Ерөнхий сайдын албан бичгийг хүргэж байна.
Нийслэлийн өмнөх Засаг дарга С.Батболд өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 2 сар гаруйн хугацаанд Улаанбаатар хот удирдлагагүй байна.
Сэтгэгдэл бичих (5)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.