Б.Баясгалан
03 сарын 07, 2019
Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол өчигдөр бүртгэгджээ. Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж, мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү "Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол анх удаа лаборатороор батлагдлаа. Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь Оюутолгой компанид ажилладаг гадаадын инженер халуураад туурах шинж тэмдэг гарангуут манай төвд хандсан. Үүний дагуу шинжилгээ авч шинжиллээ. Энэ сарын 6-ны өдрийн 16.00 цагийн үед шинжилгээний хариу батлагдсан. Тиймээс улаанбурхан өвчин Монголд гаднаас зөөвөрлөгдөн орж ирлээ гэж бид зохион байгуулалттайгаар ажиллаж байна.
Өчигдөр Ханбогд сумын Оюутолгой, мөн Өмнөговь аймгийн Эрүүл мэнлийн газартай хамтран онлайнаар шуурхай хуралдаж, зөвлөгөө өгсөн. Өнөө өглөө 07.00 цагт Өмнөговь аймаг руу онгоцоор ХӨСҮТ-ийн мэргэжлийн багийг илгээсэн. 5 хүний бүрэлдэхүүнийэ баг ажиллаж эхэлсэн. Тэнд нь өвчтөнийг тусгаарласан. Голомтыг дэлгэрүүлэхгүй талаарх ажлаа эхлүүлээд байна.
Хамгийн гол нь улаанбурхан өвчин тууралт зэрэг шинж тэмдэг нь илрэхээс 4-5 хоногийн өмнө, мөн тууралтын дараах 4-5 хоногт халдвар тараах өндөр эрсдэлтэй байдаг. Бид энэ хугацааг бодож ажиллаж байна.
Ойр хавийн хүмүүс болох 14 хүнийг тусгаарлан, зөвлөгөө өгч байна. Одоо шинжилгээ авна. Тодорхой хүмүүс вакцин хийхээр вакцинаа аваад явсан. Цаг алдалгүй шуурхай ажиллаж байна.
Яагаад энэ мэдээг өгч байна вэ гэхээр улаанбурхан өвчний вакцин хийлгээгүй, дархлаа нь суларсан хүмүүст улаанбурхан өвчний вирус маш хурдан халдварлаж, өвчин үүсгэдэг.
2015, 2016 оныг дамнан монгол 50.000 хүн өвдсөн байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дархлаажуулалтад хамрагдаагүй, дархлаа нь суларсан бүлэг хүмүүс монгол байна гэсэн үг" гэдгийг хэллээ.
2018 оны сүүлийн хагас жилээс улаанбурхан өвчин дэлхий маш олон оронд үргэлжлэн дэгдэж байна. Манай улсын хувьд Эрүүл мэндийн яамнаас тодорхой, үр дүнтэй зөвлөгөө, сэрэмжлүүлэг, арга хэмжээ явуулж байсан учир өнөөдрийг хүртэл тайван байлаа. Харамсалтай өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллаж буй иргэнээс улаанбурхан өвчний анхны тохиолдол зөөвөрлөгдөн орж ирлээ. Энэ нь цаашид манай улсад тархвар судлалын эрсдэл үүсэж, энэ халдварт өвчин тархах эрсдэл өндөр болж байна. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээлэл хийж байна" гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтэн онцоллоо.
Мэдээллийг шууд дамжуулж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.