ШУА-ийн ээлжит Их чуулган өнөөдөр болно. Энэхүү ээлжит Их чуулганаараа академичид "Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны үүрэг, оролцоо: Шинэ хандлага, шинэ боломж" гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх юм байна.

Технологийн шинэ хувьсгалаар дэмжигдэн улам бүр эрч хүчээ авч буй даяаршлын эрин үед улс орон бүрийн тогтвортой хөгжил шинжлэх ухаан, технологийн дэвшлээс шууд хамаарах хандлага бодит үйл явц болон хэрэгжиж эхэлсэн. Шинжлэх ухаан, технологи ба инноваци нь байгаль орчинд ээлтэй, нийгэмд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, ажлын байр, баялаг бий болгодог учраас тогтвортой хөгжилд хүргэх хамгийн үр дүнтэй зам гэж үзэх болсон юм.


Манай улс 1996 оноос даян дэлхийн тогтвортой хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцож ирсэн төдийгүй улсынхаа хөгжлийн урт хугацааны бодлогыг энэ үзэл баримтлалтай нягт холбон тодорхойлж иржээ. ШУА-ийн эрдэмтэд ч тогтвортой хөгжлийн бодлогын асуудлуудад дэвхийлэн оролцсоор ирсэн аж. Ялангуяа, сүүлийн жилүүдэд “Монгол улсын хөгжлийн номлол”, “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжил” зэрэг асуудлыг хэлэлцэн төр засагтаа тодорхой зөвлөмж хүргүүлсэн байна. Тиймээс энэ удаад улсынхаа тогтвортой хөгжилд шинжлэх ухааны байгууллага ямар үүрэг оролцоотой байх тухай асуудлыг Их чуулганаараа тусгайлан хэлэлцэхээр ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлаас шийдвэрлэсэн юм байна.