Өнөө цагт гэрлэлт моданаас гарч, гэр бүл салалт трэнд болжээ. Гэр бүлийн аж байдал заримдаа шашин шүтлэг, гэр бүл, соёл, хувь хүний зан чанар, байршил зэргээс хамаардаг ч дэлхийн нийтээрээ салалттай нүүр тулж байна. 

Өндөр хөгжилтэй орнуудыг хөгжиж яваа орнуудтай харьцуулахад гэр бүл салалтын түвшин хавьгүй өндөр буй. Тохиолдол байж болзошгүй ч үүний ард өөр шалтгаан ч байж болох. 

Баримт: Дэлхий дахинаа гэр бүл салалт 1960 оноос хойш 251.8 хувиар өссөн. НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагаас жил бүр тооцооллыг харвал гэрлэлт болон салалт нь дараах хэдэн шалтгаанаас болдог байна. Үүнд:

  • Үл нийцэл
  • Хууралт
  • Хар тамхи эсвэл согтууруулах ундааны донтолт
  • Биеийн эсвэл оюун санааны хүчирхийлэл

Мөн судалгаанд гэр бүлийн тогтвортой байдлаар тэргүүлдэг орнуудыг нэрлэсэн аж. 

1# Энэтхэг: 1 хувь

Энэтхэг улсад 1000 гэр бүлийн 13 нь салдаг бөгөөд энэ нь тоймдоо 1 хувь ч хүрэхгүй үзүүлэлт юм. 

Салалтын шалтгаан нь нийгмийн дарамт, өөрийн бус, өрөөлийн шийдвэрээр ханиа сонгосон зэргээс үүддэг. Гэр бүлээ цуцлуулсан хүнийг эцэг, эхийн үгийг зөрчсөн, ёс журамгүй гэх мэтээр шүүмжилж, ялгаварладаг гэнэ. 

2# Чили: 3 хувь

Энэтхэгийн нэгэн адилаар гэр бүл салалтыг нийгэм нь буруушаадаг. 

3# Колумб: 9 хувь

Колумбийн хосуудыг амлалтдаа үнэнч, гэр бүлээ нандигнаж төвшин амгалан амьдардаг гэлцдэг ч тоо баримт арай өөр зүйл өгүүлж байна. 

4# Мексик: 15 хувь

Мексикт гэрлэлт цуцлуулах хугацаа Америктай харьцуулахад хавьгүй бага байдаг. Гэсэн хэдий ч нийт салалтын тоон үзүүлэлтийг нь харвал санаанд оромгүй. Месикчүүд католик шашинд үнэнчээр зүтгэдэг тул салалтыг хүлээн зөвшөөрөх тохиолдол тун ховор аж. 

5# Турк: 22 хувь

Турк дэх гэрлэсэн хосуудыг бүртгэсэн албан ёсны тоо баримт гэж үгүй. Бүдүүвчилсэн зургаар 1000 хүн амд ногдох салалтын хувь 1.46 байгаа юм. 

Харин одоо салалтаар дэлхийд тэргүүлдэг орнуудыг харцгаая. 

1# Люксембург: 87 хувь

500,000 хүн амтай Люксембург бол Европын хамгийн жижиг улс орнуудын нэг. Гэвч эдийн засгийн өсөлт хөгжил, худалдааны чадварын харьцаагаар тивдээ түүчээлдэг билээ. Үүнээс гадна хүн ам нь маш хурдтай өсөхийн хэрээр гэр бүл салалт нь замбараагаа алдаад буй. 

2# Испани: 65 хувь

Католикийн шашны үнэнч дагагчдаар тус улс алдартай боловч гэр бүлээ салгах тохиолдол их байдаг нь хачирхалтай. Хэд хэдэн шалтгаан байж болох ч сүүлийн жилүүдэд тулгараад байгаа эдийн засгийн хямралтай холбоотой байж мэднэ гэж шинжээчид таамаглажээ. 

3# Франц: 55 хувь

Францын хамгийн романтик хот гэгддэг Парис гэрлэлтээ цуцлуулах хүсэлт өгсөн хосуудын тоогоор улсдаа тэргүүлдэг гэвэл та итгэх үү. Тодруулбал, 1000 хүн ам тутамд ногдох салалтын хувь 1.9 байдаг аж. 

4# Орос: 51 хувь

Орос оронд секунд тутамд нэг гэр бүл салдаг тухай та мэдэх үү? Судалгаагаар тус улсын нийт хосын гуравны нэг нь эхний 5 жил дотроо, дараагийн таван жилд дөрөвний нэг нь салах шийдвэр гаргадагийг тогтоожээ. Харин үүний дараагийн таван жилд наймны нэг нь салж, улмаар энэ үзүүлэлт багасдаг. 

5# Америк: 46 хувь

Эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг Америк улсад гэр бүл салалтын хувь чамгүй өндөр. Иймдээ ч залуучуудын гэр бүл болох нас нь хойшилсоор 40 нас шүргэж буй. 

Дашрамд, Монголд өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг. Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл “Гэр бүл салалтын тоо жилээс жилд дунджаар 269 тохиолдлоор нэмэгдэж байгаа. Гэр бүл цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжилбэл өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байна.” хэмээлээ.