Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт товлосон. 

Гэвч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 10:00 цагт товлолоо.

“Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар