П.Мөнгөнсор
01 сарын 26, 2024
Тогтвортой хөгжлийг дэмжигч Peak.mn сайт маань энэ удаагийн “SDG17” буландаа “ЭкоСум” ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Нарантуяаг урьж ярилцлаа.
Тэрбээр оюутан байхаасаа хөтөч хийж, хөдөө орон нутгаар аялдаг байжээ. Тэр үеэс л орон нутгийн хог хаягдлын асуудал гамшгийн хэмжээнд хүрснийг олж харж, анзаарсан аж. Тэр л эмзэглэлээ тээж явсаар хог хаягдлын менежментийн сэдвээр Францад магистрын зэрэг хамгаалсан түүхтэй.
Тэрбээр одоо гэр бүлийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумд амьдардаг. Сумаа эко болгохоор шийдэж олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Энэ удаа бид хуванцрын хэрэглээ хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг онцлон ярилцсан юм.
Хогийн сав руугаа өнгийж үзээд хэрэглээгээ хянах цаг болсон
Хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн гэдэг дээ. Түүн шиг энэ дэлхий дээр мэндэлсэн хүн бүр хог үүсгэх нь бас нэг үнэн болчхоод байна. Идэх хоол, өмсөх хувцаснаас эхлээд бидний амьдралд хог болж үлдэхгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Гэхдээ тэр бүр анзаардаггүй.
Хэрэглээгээ анзаарах жирийн нэг арга бол хогийн сав руу өнгийх. Тэр хэдэн хог таны байгаль дэлхийдээ үлдээж буй ул мөрүүд юм.
Бичлэг үзэх:
Энэ дүр зургийг томруулаад харвал манай улс ямархуу хэрэглээтэй улс вэ гэдгийг бидний хаясан хог шуудхан хэлээд өгдөг. Бид бол яах аргагүй ихэнх бараа материалаа импортолж авдаг хэрэглэгч үндэстэн.
Харамсалтай нь импортын бүтээгдэхүүн ихсэхийн хэрээр сав баглаа боодлын хог хаягдал асар их нэмэгдсээр байна.
Анзаараад үзээрэй. Бидний эмээ өвөө, ээж аавууд ч “Биднийг бага байхад ингэж их хог гардаггүй байсан” гэдэг шүү дээ. Ядаж л талхаа өөрсдөө барьж иддэг үе шүү дээ. Гэтэл одоо гэртээ талхаа барьдаг айл маш ховор. Ингээд дэлгүүрээс талх, боорцгоос эхлээд өдөр тутмын хэрэгцээгээ авах бүрд сав, баглаа боодол, гялгар уут дагалдаж байна.
Бид яг энэ аргаар Хишиг-Өндөр сумандаа “Хог хаягдлын бүтцийн судалгаа” хийж үзсэн. Ямар нэр төрлийн бүтээгдэхүүний хог аль улиралд хамгийн ихээр гарч байна гэдгийг судалж үзлээ.
Ерөөсөө хүнсний өргөн хэрэглээний сав баглаа боодол, тэр дундаа хийжүүлсэн ундааны сав дийлэнх хувийг эзэлж байна лээ. Энэ бол бид өдөр тутамдаа юу хэрэглэдгээ гэдгээ эргэж харж, ухаалаг шийдвэр гаргах болсны дохио гэдгийг сануулмаар байна.
Ганц бид ч биш дэлхий нийтээрээ хуванцрын хэрэглээнд донтчихсон
Хуванцар гэхээр зөвхөн ус ундааны сав төдийгөөр төсөөлдөг хүмүүс бий.
Гэтэл хуванцар бидэн танигдахгүй болтол дүрээ өөрчилж, олон янзын хэлбэрт шилжчихсэн.
Яаж өөрчлөгдчихөв гэж үү?
Та гэрээ тойруулаад нэг хараарай. Зурагт, хивсэнцэр, паркетан шал, кабелын утас, залгуур гээд маш олон хуванцар байгаа биз.
100 хувь модон паркет гэсэн баталгаагүй л бол хуванцар байх магадлал асар өндөр. Хулдаас, компьютер, утас, хувцас гээд хуванцаргүй зүйл гэж үгүй.
Хоол хүнсний хувьд ч ялгаагүй. Чихэр, жигнэмэг, жимс гээд хүнсний бүхий л зүйлсийг нэг удаагийн хэрэглээнд зориулж савлаж байна. Заримдаа бүр хэтийдчихсэн зүйл ч их бий. Жишээ нь томоохон худалдааны төвүүдэд гадил зэрэг хальстай жимсийг хүртэл хальслаад 3, 4-өөр нь нэг уутанд савлачихсан байгааг хараад хэлэх үг олддоггүй юм. Үнэндээ үүнийг би нэг удаагийн хэрэглээний солиоролд автсаны шинж гэж боддог.
Хэрэглэхгүй гээд өөр яах вэ, арга алга гэж бид өөрийгөө зөвтгөж болно л доо. Гэхдээ энэ их хуванцрын хэрэглээ бидний амь нас, эрүүл мэндээр л тоглож байгааг тэр бүр мэддэггүй.
Хуванцар шууд байгальд задардаггүй, шингэдэггүй учраас микро, нано хуванцар буюу бичил хуванцар болж задарна. Хаашаа ч багтаж шингэхгүй энэ хуванцрын бичил ширхэглэг хөрс, ус, орчны бохирдол үүсгэдэг. Яг одоо амьсгалж байгаа агаар, ууж байгаа бүхэнд ч шингэдэг гэсэн үг.
Живхний хэрэглээ үргүйдэлд хүргэдэг
Эрүүл мэндэд хортой нэг удаагийн хуванцар хэрэглээний жишээ бол хүүхдийн живх юм.
Өргөн хэрэглээний живхнүүд байгальд дунджаар 400-500 жилийн дараа шингэдэг. Хамгийн аюултай нь мөн л эрүүл мэнд.
Сүүлийн үеийн судалгаанд нэг удаагийн живхний хэрэглээний нөлөөгөөр үргүйдэх магадлал маш өндөр гэж дурдсан байсан.
Үүнийг энгийнээр тайлбарлая.
Эрэгтэй хүүхдийн нөхөн үржихүйн бойжилт ураг байхаас эхэлдэг. Маш эртнээс эр бэлгийн эс үүсээд явж л байдаг гэсэн үг. Гэтэл эр бэлгийн эс халуун чийгтэй орчинд хамгийн хурдан үхдэг.
Гэтэл живх яг тэр орчныг бүрдүүлж өгдөг учраас үргүйдэл үүсэх магадлалтай гэж тайлбарласан байсан.
Шинжлэх ухаанд хүүхдийн шээсээ барих чадвар 24-27 сартайд нь хөгждөг гэж үздэг. Хүүхэд шээхэд хөлийг нь дагаж халуун шээс урсаж таарна. Мэдээж хүүхдэд тухгүй мэдрэмж төрөх учраас шээсээ барих ёстой шүү гэдэг дохиог тархиндаа бага багаар нь өгч эхэлдэг аж. Гэтэл живх хэрэглэдэг хүүхдүүдийн хувьд тэр нойтон, тухгүй мэдрэмж төрөхгүй учраас тархинд дохио очдоггүй.
Үүний улмаас дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад, Монголд ч ялгаагүй 3, 4 нас хүрчихсэн хэр нь шээсээ барьж чаддаггүй хүүхдүүд олон болчихсон.
Ариун цэврийн хэрэглэл ч мөн ялгаагүй эх дэлхийн төдийгүй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн дайсан шүү дээ. Ихэнх нь хуванцрын агуулгатай, химийн бодисын өндөр агууламжтай байх нь элбэг. Ариун цэврийн хэрэглэл цагаан өнгөтэй байдаг ч ихэнх үйлдвэрлэгчид үүнийг цайруулах гэж маш их будагч бодисууд нэмдэг.
Харамсалтай нь тэр их бодистой зүйлийг эмэгтэйчүүд хамгийн нимгэн арьстай, эмзэг хэсэгтээ хэрэглэдэг гэж бодохоор харамсмаар санагддаг.
Нэг удаагийн хэрэглээг үйлдвэрлэгчид хүний амар хялбарыг хайсан, ажлаа хөнгөвчлөх гэсэн сэтгэхүй дээр л тоглоод байгаа хэрэг. Гэхдээ энэ болгоны ард “ Би ямар төлөөс төлж байна вэ, нийгэм нийтээрээ ямар төлөөс төлж байгаа вэ, хүн төрөлхтөн яаж байгаа гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
Сэтгэлгээ өөрчилж чадвал хуванцрыг орлуулах бүтээгдэхүүн хаа сайгүй байдаг
Хуванцрын хор хөнөөлийг мэдсэн даруйдаа эрүүл мэндэд ээлтэй сонголтоор оруулах хэрэгтэй. Үүний тулд амьдралын хэв маяг, сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй юм шиг санагддаг.
✔Нэг удаагийн хэрэглээ нэвтрэхээс өмнө ямар байсан бэ?
✔Одоо юугаар орлуулж болох вэ гэдгийг өөрөөсөө асуугаарай. Жишээлбэл,
#Живхний хэрэглээ
Бидний үеийнхэн, ер нь 2000-д оноос өмнө нь төрсөн хүүхдүүд бүгд л даавууны хүүхдүүд шүү дээ. Даавуугаар хүүхдээ хуурайлаад болоод л байсан юм чинь одоо яагаад даавуун живх хэрэглэж болохгүй гэж?
#Ариун цэврийн хэрэглэл
Жишээ нь би даавуун өдөр тутмын хэрэглэлтэй. Сарын тэмдэг ирсэн үед сарын тэмдгийн аяга хэрэглэдэг.
#Нэг удаагийн аяга
Кофе шопоос халуун кофе авлаа гэхэд аяга нь хуванцар, соруул нь хуванцар, таг нь хуванцар байгаа биз. Тиймээс би өөрийнхөө аягыг даавуун уутанд хийгээд авч явдаг. Үйлчлүүлж байгаа газар маань хуванцар аягатай бол хэрэглэдэггүй.
Бид эртнээсээ өөрийнхөө аяга тагшийг авч явдаг уламжлалтай ард түмэн шүү дээ. Ингэж аяга, халбага сэрээгээ биедээ авч явах нь хувийн ариун цэврээ маш сайн сахиж байгаа хэрэг. Нөгөө талаараа гишгэсэн мөрөөсөө өөр юу ч үлдээхгүй гэсэн нүүдэлчин ардын философи юм.
#Хүнсний тор
Эвхэгддэг хүнсний тор авч явах хэчнээн амар гээч. Дэлгүүр орох бүрд хуванцар тор авах шаардлагагүй болно.
Зарим хүмүүс надаас “ Ингэж амьдрахад төвөгтэй биш үү гэж үү” гэж асуудаг. Нэг удаагийн хэрэглээг халснаар би
1. Өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж байна,
2. Байгаль дэлхийгээ хамгаалж байна,
3. Хариуцлагатай иргэн байна гэдэг мэдрэмж өөрт сайхан мэдрэмж өгдөг.
Хэрхэн байгальд ээлтэй амьдралын хэв маягт суралцах вэ?
Эко амьдарна гэдэг тусдаа зүйл, өөртөө ажил удаж байгаа зүйл огтхон ч биш.
Ердөө амьдралын хэв маяг бөгөөд дадал зуршил гэж би хэлнэ. Жишээ нь хогоо ангилж хаяад сурчихсан хүн хогоо ангилахгүй байж чаддаггүй.
Тиймээс бага багаар, өөртөө стресс өгөхгүйгээр дадуулах нь их чухал. Нөхцөл байдалдаа уян хатан хандаж сурах хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь би тороо мартаад дэлгүүр гарчихсан бол яах аргагүй л нэг удаагийн торонд хүнсээ хийгээд харина. Гэхдээ дараагийн удаа мартахгүй байхад л анхаарчих хэрэгтэй.
Тойрог эдийн засаг
Манай “Экосум” ТББ байгууллага “Хуванцраас ангижиръя” олон улсын хөдөлгөөн, “Шатаах зуухны эсрэг олон улсын хөдөлгөөн”-ий үндсэн гишүүн юм. Хуванцрын асуудал зөвхөн манайд ч тохиолдож байгаа юм биш, дэлхий нийтээрээ л тэмцэж байна.
Хог хаягдлын менежмент манай улсад яаж явагддаг вэ гэвэл хог гарсан хойно нь булах, устгах, шатаах, байхгүй болгох тухай ярьж байна. Гэтэл урьдчилан сэргийлэх талаар огт ярьдаггүй. Байх ёсгүй хог хаягдлыг гаргачхаад толгой гашилснаас яагаад анхнаасаа хог үүсгэхгүй амьдарч болохгүй гэж?
Үүнийг тойрог эдийн засаг хэмээх ойлголтоор тайлбарлаад байгаа юм. Жинхэнэ утгаараа дахин боловсруулалт гэж юуг хэлэх вэ гэвэл ус ундааны савыг аваад ус ундааны сав хийж, нөөцийн тойрог хэлбэрээр эргэлдүүлэхийг хэлж байна.
Ингэж байж дахин байгалийн олборлолтын нөөцийн зогсоож чадна.
Гэтэл одоо зэрэг бууруулсан дахин боловсруулалт хийгдэж байгаа.
Энэ бол ус ундааны савыг хайлуулаад хувцас нэхдэг силикон утас ч юм уу, машины дугуй хийдэг боловсруулалтыг хэлж байгаа юм. Гэтэл энэ тогтолцоогоор явахад анх ус ундааны сав хийсэн түүхийн эдийн нөөцийг таслахгүй байгаа биз?
Тэгэхээр энэ бодит шийдэл биш гэсэн үг.
Бичил хуванцар
Хуванцар өөрөө задрах чанар асар өндөртэй материал. Нэг удаа дулааны аргааг хуванцрыг хайлуулаад хэвд цутгаад өөр бараа материал үйлдвэрлэлээ гэж бодоход задрах чанар нь илүү нэмэгдэнэ. Ингээд л макро, нано хуванцрын бохирдлыг үүсгэж эхэлнэ.
Дэлхий дахинд хийгдсэн судалгаагаар олон брэндийн цэвэр усыг шинжлэхэд хувиас нь бичил хуванцар илэрдэг. Хүмүүсийн цуснаас, шээснээс, дотор эрхтэн, хөхний сүүнээс хүртэл илэрдэг.
Хамгийн сүүлд эхийн ихсээс бичил хуванцар олдсон.
Гэтэл ихэс өөрөө ургийг юунаас ч хамгаалдаг биологийн хамгийн бат бэх хамгаалалт гэж үздэг шүү дээ. Тэгэхээр бичил хуванцар өөрөө органик материал биш учраас хүний биед үрэвсэл үүсгээд байгаа.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.88.64] ・ 2024.01.27 Хариулах
Энэ охины санаачлаг, ажлыг сум, аймаг, улсынхаа түвшин дэмжээд өгдөг болоосой. Эко аймаг болж яагаад болохгүй гэж. Хуванцраас татгалзмаар байсан ч яаж татгалзах аргаа олохгүй, хогоо ангиллаар байвч ангилсан хогоо яахаа мэдэхгүй хүмүүс олон бий шүү дээ. Энэ боловсролтой сэтгэлтэй ирээдүй үеийг л дэмжээд өгөх сөн. Мяндагтангуудаа
Зочин [66.181.189.66] ・ 2024.01.26 Хариулах
Олон хүн уншаасай .Амьдралын хэв маягтаа нэвтрүүлэх хэрэгтэй.Үөв зүйтэйг санаачлан хэрэгжүүлэхийн төлөө тууштай зогсож байгаа Нарантуяа охинд талархаад баршгүй Бид дэлхийд багахан шиг уршиг тариад буцвал буян тэр юмаа
Санал болгох
1 Б.Чингүн: Өөхний үүдэл эсийг ялган авах эмчилгээг орчин үеийн “мөнхийн ус” гэж нэрлэж байна
2 Хүртээмжтэй ирээдүйн төлөө: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах Монгол Улсын хүчин чармайлт
3 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
4 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
5 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа