УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд асуулга тавьж буйгаа мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэрээр "Эрх барьж буй МАН-ын дотоод тэмцэл туйлдаа хүрлээ. Үүнээс болж төрийн ажил гацаад байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө намын дарга байж, намаа, төрөө хоёр хуваачихлаа. Тэгсэн хэрнээ өөрийгөө магтуулаад, дуулуулаад явж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхийг шүүмжилсэн хүнийг сошиалаар элдэв муухай үгээр хэлээд, дайрч доромжилдог боллоо. У.Хүрэлсүхийг шүүмжилсэн хүн бүр хужаа болж байна. Энэ бүхэн захиалгаар явагдаж байна.

У.Хүрэлсүх худлаа шударга үнэний дүрд тоглохоо одоо зогсоо. Хямрал, утаа, хүүхдийн эндэгдэл улам бүр ихсэж, хавдар залуужиж байна. МАН-ын 2016 онд ард иргэддээ өгсөн амлалт, мөрийн хөтөлбөр хаана байна. Давхар дээлийг эсэргүүцэж байсан танай нам давхар дээлтэй гишүүдээр 100 хувь Засгийн газраа бүрдүүлчихээд УИХ-аа бойкотлоод сууж байна.

Нийгэмд тулгамдаад буй бензины үнэ, долларын ханш, агаарын бохирдол зэрэг бүх асуудалд Ерөнхий сайд үүрэг хүлээсэн. Одоо энэ ажлаа хий. Хийж чадахгүй бол тар. Сөрөг хүчний намын даргын хувьд одоо л би энэ үгийг хэлэхгүй бол У.Хүрэлсүхийг шүүмжилж үг хэлдэг хүн байхгүй боллоо. Шүүмжлүүлж, доромжлуулахаас айгаад. Би бол айхгүй. Намайг яаж ч ухаад хужаа цус гарахгүй, яаж ч ухаад идэж уусан гэмт хэргийн шинжтэй үйлдэл надаас гарахгүй. Асуулгын хариуг хуулийн хугацаанд багтаан өгөхийг хүсэж байна.

Монголчууд минь МАН-ын 2 бүлгийн талцлын асуудалд битгий оролц. Өөрсдөө нам дотроо асуудлаа шийдэх хэрэгтэй.

МАН ажлаа хийхгүй, амлалтаа биелүүлэхгүй бол он гаргаад бид холбогдох хуулийн байгууллагуудад, бүр болохгүй бол тус намыг татан буулгах талаар асуудалд хандана" хэмээлээ.