Л.Дэлгэрмаа
05 сарын 07, 2022
Европт хийсэн Монголчуудын аян дайны тухай түүхэн сэдэвт уран сайхны кино Монголын Сэмүүн Студи Унгарын талтай хамтран энэ намар Унгарт зураг авалт эхэлж, 2023 оны хавар дэлгэцэнд гарна гэж тус улсын хэвлэлд гарчээ.
Нийт 1.2 тэрбум Унгарын форинт буюу 3.3 сая ам.долларын төсөвтэй уг уран сайхны киноны зохиол нь 13-р зуунд өрнөх бөгөөд Чингис Хааны ач хүү Бат Хаан Европыг эзлэхийн тулд замдаа тааралдсан Унгарын цайзыг эхлээд арчиж хаях хэрэгтэй болдог тухай гардаг. "1242-Баруун хаалган дээр" гэдэг нэртэй уг киноны Бат Хааны дүрд монгол хүн тоглоно гэсэн ч одоогоор хэн гэдэг нь тодорхойгүй байна. Хувцас чимэглэлийг Монгол Костюмc төв хийх юм байна.
Оскарын шагналт Кевин Спэйси киноны гол дүр болох Унгарын католик шашны кардинал ламын дүрд тоглоно гэсэн бол мөн Голливудын алдарт жүжигчин Кристофер Ламберт Унгарын вангийн хүлэг баатрын дүрд тоглох юм байна.
Кино зохиолыг Унгарын зохиолч Аарон Хоpват, Жоан Лэйн нар бичиж, найруулагчаар Унгарын кино найруулагч Петер Соос ажиллах юм байна. Зураг авалтыг Висеград, Белапаталвад авах юм байна. Дунай мөрний эрэгт орших Эстергом хот бол 13-р зууны эхэнд Унгарын улс төр, эдийн засгийн гол төв болсон хамгийн том, чинээлэг хот байсан юм. Уг хотыг 1242 оны нэгдүгээр сард Бат Хаан, Сүбээдэй жанжнаар удирдуулсан Монголын хүнд морин цэрэг Дунай мөрнийг хөлдөх үед голыг гаталж, цайзыг эвдэн эзэлж авсан юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.