Сайжруулсан түлш түлсэн иргэд угаартаж, нас барсан гэх асуудал гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

С.Амарсайхан:

"Юун түрүүнд харамсалтайгаар нас барсан иргэдийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье.  Дахин ийм явдал гаргахгүй, иргэдийн амь насыг хохироохгүйн үүднээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Нөхцөл байдал шалтаг шалтгааныг бүх талаас нь тодруулахаар ажиллаж байна. Яг ямар асуудал байгаа гэдэг дээр урьдчилан сэргийлэх ажлыг хийж эхэлсэн. Мөн шахмал түлшний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дээр хяналт тавьж, үйлдвэрээс гарсан түлшний найрлагад хүний бие, амь насанд хөнөөлтэй зүйл байгаа эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа. 

Одоогоор 23 төрлийн дээж авч ажиллаж байна. Эдгээр дээжийг Монголд үйл ажиллагаа явуулдаг лаборатори буюу Биологийн төв лаборатори, Ашигт малтмал газрын тосны газрын лаборатори болон гаалийн лабораторид бүр төрлийн стандартын хэмжилтийг хийлгэсэн. Мөн найрлагыг нь тогтоолгосон. Урьдчилсан байдлаар түлшний шинжилгээний дүнг хэвийн байна гэж гарсан. Гэхдээ бид цаашлаад гаднын лаборатори руу шинжилгээгээ явуулсан. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн үйл явцад хатуу хяналт тавьж ажиллана. Харин тэрхүү шинжилгээ ирэх хүртэлх хугацаанд шахмал түлшний үйлдвэр ажиллах эсэхийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх мэт байгууллагуудын шийдэх асуудал.

Агаарын бохирдолтой холбоотойгоор утааны асуудлыг олон жил ярьж ирсэн. Олон ч шийдвэр гарсан үндэсний хэмжээний асуудал. Үүн дээр хэн нэгнийг буруутгахаасаа илүү бодитой мэдээлэл хүргэх чиглэл хүрч ирсэн.

Хэрэв шаардлагатай гэвэл буруутай хүмүүст хариуцлага тооцоход бэлэн. Юун түрүүнд одоогийн нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. Бид галлагаатай холбоотой зөвлөмж зөвлөгөөг өгч ирсэн. Шинэ түлш, шинэ хэрэглээ учраас яаж галлах, үнсээ хэрхэн гаргахаас эхлээд зөвлөмж, зөвлөгөөг хангалттай өгөх ёстой. Энэ сарын 1-ний өдөр би нийслэлийн бүх байгууллагыг онцгой горимд шилжүүлж, ажиллаж байна. Энэ бол урьдчилан сэргийлэх хүрээнд заавар зөвлөгөө өгөх ажлыг хийж байгаа. Гэвч харамсалтай нь ийм хэрэг явдал гарлаа. "