Сайд П.Наранбаяр Финланд улсын боловсрол, соёлын сайд Андерс Адлеркрутцтай албан уулзалт хийв

Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр 2026 оны гуравдугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Финланд Улсад ажиллаж, Монгол, Финландын ЗГХК-ын 15 дугаар хуралдааныг тэргүүлэн оролцож байна. Боловсролын сайд П.Наранбаяр энэ хүрээнд Финландын Боловсрол, соёлын сайд Андерс Адлеркрутцтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд Монгол, Финландын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйг онцолж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсролын салбарт Финландын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Тухайлбал, хоёр орны их сургуулиудын түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр цахим уулзалтыг 2025 онд анх удаа зохион байгуулсан. Үүнд МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, Финландын талаас Оулу их сургууль, Аалто их сургууль, Зүүн Финландын их сургууль болон Хелсинкийн их сургуулийн төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсон бөгөөд цаашид ээлжит арга хэмжээг тогтмол зохион байгуулж, их сургуулиуд хоорондын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахаар болов.

ЗурагТайлбар



Түүнчлэн Монгол Улсын багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх, боловсролын судалгаа, эрдэм шинжилгээний хамтарсан ажил хэрэгжүүлэх, багш, боловсрол судлаач, оюутан солилцоог эхлүүлэх санал санаачилгыг бодит ажил хэрэг болгож, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч ажиллахаа талууд илэрхийллээ. 

Монголын оюутан залуусыг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломжийг олгож буй Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Финландын их сургуулиудад 2026-2027 оны хичээлийн жилээс монгол оюутнуудыг суралцуулахад дэмжлэг үзүүлэхээ Боловсрол, соёлын сайд Андерс Адлеркрутц мөн нотоллоо.

Финланд Улсын Боловсрол, соёлын яамны санхүүжилтээр Турку их сургуулийн эрдэмтэд сурагчдын дунд дээрэлхэлтийн эсрэг цогц судалгааг зохион байгуулж, түүнд суурилсан, системтэй аргачлалыг хөгжүүлж, “KiVa” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд өдгөө дэлхийн 20 гаруй улсад амжилттай хэрэгжиж байгаа юм.

Боловсролын сайд П.Наранбаяр Финландын KiVa хөтөлбөрийг боловсруулсан багийг Монгол Улсад ажиллуулж, монголын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын орчин, нөхцөлд байдалд цогц үнэлгээ хийж, хамтарсан хөтөлбөр боловсруулах, сургуулиудад туршилтаар хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж, хамтарч ажиллахаар тогтов.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.