Монголын өнөөгийн халамжийн тогтолцоо зөв хэв маягаа олсон гэдэгт эргэлздэг хүн олон. Энэ талаар Солонгосын Ихва их сургуульд судалгааны ажил хийж, нийгмийн халамжийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Ч.Мядагмаатай ярилцлаа.

-Таны судалгааны сэдвээс яриагаа эхэлье. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг хөндсөн гэв үү?

-Юуны өмнө өрх толгойлсон эмэгтэйчүүд гэж хэн бэ гэдэг тодорхойлъё. 

Өрх толгойлсон ээж гэж нөхөр нь нас барсан, эсвэл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч хүүхэд төрүүлсэн болон үрчлэн авсан ганц бие эх юм. Түүнчлэн өрхийн санхүү болон бусад холбогдох асуудлыг хариуцаж, бие даан шийдвэр гаргаж буй эмэгтэйчүүдийг хэлнэ.

Ихэвчлэн үүнд гэр бүлийн хүнээсээ хагацсан эсвэл гэрлэлтээ цуцлуулан тусдаа амьдарч байгаа эмэгтэйчүүд ордог ч заримдаа элэг бүтэн амьдарч байлаа ч нөхөр нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан өрхийн санхүүг хариуцах чадваргүйн улмаас эхнэр нь энэ асуудалд санаа тавихаас өөр аргагүй болсон тохиолдлыг ч хамруулж авч үздэг. 

Амьдралаа ганцаар “нуруундаа үүрсэн” эмэгтэйчүүд нь өрхийн санхүүг босгохын төлөө хөдөлмөрийн зах зээлд оролцох, орлогын эх үүсвэрийг бий болгох шаардлага гардаг. 

Сөүлийн гадаад иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийнхээ хамтаар (2019)Тэд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс гадна гэр бүлийн санхүү, эрүүл мэндийн “батлан даагч” нь болдог тул хэн хүнээс илүү ачаалал авдаг. Тийм байтал тэд нийгмийн баялгаас эргэн хүртэх тал дээр орхигддог болохыг судалгаагаараа гаргаж ирсэн. 

Хэдэн жилийн өмнө “Танайд хоноё” нэвтрүүлгийн зочноор уригдсан нэгэн мундаг бүсгүйн талаар гарч байсан даа. Тэр бүсгүй эцсийн амьсгалаа хураатлаа амьдралд бууж өгөөгүй ч нийгмийн баялгаас хүртэж чадаагүй, өрх толгойлсон эмэгтэйн тод жишээ юм. 

Манай улсад 2021 оны байдлаар 69 мянган өрх толгойлсон эмэгтэй байна гэсэн судалгаа бий. Үүнийг нийт өрхтэй харьцуулбал 7,5% нь юм. Энэ нь бага тоо биш. Тэдэнд голчлон тулгардаг асуудал бэрхшээлийг тодорхойлох болон нийгмийн хамгааллын ямар бодлого авч хэрэгжүүлбэл илүү ач холбогдолтой вэ гэдэгт гол анхаарлаа хандууллаа.


Тэгвэл өрх толгойлсон ээжүүдийг хэрхэн дэмжиж болохоор байна? 

-Нэн түрүүнд амьдралын ачааг ганцаараа нуруундаа үүрч буй ээжүүдийг орлоготой, ажилтай болгох нь чухал. Тэдэнд хүүхдээ харангаа ажил хийх боломж өгдөг уян хатан тогтолцоог хөдөлмөрийн зах зээлд бүрдүүлмээр байна. 

Түүнчлэн эрүүл мэндийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй авах, орон сууцны хөнгөлөлттэй зээл/ипотек/-д эхэлж хамрагдах, хүүхдийнхээ сургалтын төлбөрт тодорхой хэмжээний хөнгөлөлт эдлэх зэрэгт бодлогоор дэмжмээр байна. 


-Судалгааны үр дүн таны хүлээлттэй хэр нийцсэн бол?

-Судалгаагаа Солонгосын хөдөлмөр, нийгмийн халамжийн панел өгөгдөл дээр үндэслэж хийсэн. Энэ нь тодорхой цаг хугацааны туршид ижил тооны хүмүүст асуулгыг давтан хийх замаар мэдээлэл цуглуулдаг загвар юм. Уг загвараар гарсан өгөгдөл нь хувь хүний түвшинд өөрчлөлтийг илэрхийлдэг. 

Жишээлбэл, тухайн хүн хэзээ ажилтай болон ажилгүй болсон, эсвэл хэзээ нийгмийн халамж авсан болон аваагүй гэх мэтийг харж болно. 

Тэд сурч боловсрох болон ур чадвараа үнэлүүлэх боломж аль ч түвшинд хомс байдаг юм байна. Амьдралаас авсан дарамтаас болж, эрүүл мэндийн хувьд ч сайнгүй болдог байна. Өөрөөр хэлбэл тэд өөрийн авьяас чадвараас үл хамаарч “нийгмээс шахагдах” хандлага их байгаа нь ажиглагдсан. Энэ нь Монголын нийгэмд адилхан байх талтай гэж харж байна.

-Солонгосын нийгмийн халамжийн загварыг нэвтрүүлэх хөтөлбөр дээр та ажиллаж байсан туршлагатай. Тэдний бодлогоос авууштай нь юу байв?

-Улс орон бүр өөр өөрийн онцлогт тохирсон нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлдэг. Солонгосын нийгмийн халамжийн үйлчилгээний 95 хувийг төртэй гэрээ байгуулсан төрийн бус байгууллагууд гүйцэтгэдэг. Төр энэ асуудлыг илүүтэй хийж чадах газарт нь даалгадаг. 

Харин үүнд төр хяналт мониторингоо сайн хийдэг. Тэндхийн нийгмийн халамжийн үйлчилгээнүүд нь хүний хөгжилд чиглэсэн, мөнгөн бус хэлбэрээр эзэндээ хүрдэг нь их оновчтой гэж боддог. Энэ загварыг манайд хэрэгжүүлбэл их үр дүнтэй болов уу.

Гадаад оюутнуудтай хамт сайн дурын ажил хийх үеэр

-Бэлэн мөнгө тараадаггүй байх нь. Тэгэхээр иргэдээ тэд хэрхэн халамжилдаг вэ?

-Халамжийн үйлчилгээний ихэнх нь мөнгөн бус буюу хөгжлийн үйлчилгээ хэлбэрээр иргэддээ хүрдэг. Өөрөөр хэлбэл тэтгэмжээс бусад нь бодит үйлчилгээ болж эзэндээ очдог. 

Иргэд төрөл бүрийн хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвүүдэд очиж, өөрийн сонирхсон хөтөлбөртөө хамрагддаг. Улсаас энэ зардалд нь ваучерийн хэлбэрээр хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг. 

Мөн Солонгост хүүхдийн ирээдүйг дэмжих ”Dream start” хөтөлбөр хэрэгждэг. Энэ нь хүүхдийн нэр дээр хэдэн төгрөг хадгалуулна, улс яг тэр хэмжээний мөнгийг нэмж хадгаламжинд нь хийдэг хөтөлбөр. Тухайлбал, хүүхдийн нэр дээр 50,000 вон хадгалуулбал улсаас 50,000 вон нэмж, хадгаламжийг нь зузаатгадаг. Манай улсад хүүхдийн мөнгөн тэтгэмжийг иймэрхүү хэлбэрээр олговол бас үр дүнтэй юм. 

-Ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан маш оновчтой бодлого авч хэрэгжүүлдэг улс гэж сонссон?

-Яг энэ талын систем хамгийн сайн хөгжсөн. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настанд үзүүлдэг үйлчилгээнүүд нь үнэхээр атаархмаар. Сөүлд гэхэд ахмадын халамжийн үйлчилгээний 46 төвтэй. Тэнд дуу, бүжиг, шатар, үндэсний бичиг, компьютер, гадаад хэл, усанд сэлэлт, аеробик гэх мэт олон сургалт бий. 

Дөрвөөс таван давхар байшин тэр чигтээ зөвхөн ахмадуудад зориулагддаг. Төлбөрийн хувьд эмзэг бүлгийн, орлого багатай өндөр настанг 100% үнэгүй төрөөс даадаг бол бусад ахмад настан үйлчилгээнийхээ 20%-ийг өөрөө гаргадаг. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээ нь наснаас хамаараад хүүхэд, өсвөр насныхан, насанд хүрсэн хүн, ахмад настан гэж ангилдаг бөгөөд насны онцлог тус бүрт тохирсон үйлчилгээг үзүүлдэг. Хөгжлийн бэрхшээлээс хамааран тэр хүний чадварт тохирсон ажилд сургаж хөдөлмөр эрхэлж цалин орлоготой болох боломжийг олгодог. 

Жишээлбэл: Дауны синдромтой хүний хувьд нэг ажлыг хэрхэн яаж хийхийг нь заагаад өгвөл маш сайн алдаагүй гүйцэтгэж чаддаг. Тиймээс тэднийг тохирох ажилд сургаж, ажлын байраар хангадаг. Мөн ажил хийх боломжгүй иргэдээ бие даахад нь туслах зорилгоор төрөл бүрийн хөгжүүлэх үйлчилгээнүүд үзүүлдэг. 

-Солонгост эрүүл мэнд болон нийгмийн халамжийн салбар хоорондоо хэрхэн уялддаг вэ. Хамтад нь нэг яам хариуцдаг гэсэн?

-Нийгмийн халамжийн бодлогынх нь гол зорилго амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэдэг. Хүний эрүүл мэнд сайн байх нь амьдралын чанарт эерэгээр нөлөөлнө гэж тэд үздэг. 

Тиймээс эрүүл мэнд, халамжийн салбар хоорондоо уялдаж ажиллахын тулд нэг яаманд харъяалагддаг. Үнэндээ бие, сэтгэлийн хувьд эрүүл хүн л тухайн нийгмийг авч явна шүү дээ. 

Солонгост нийт иргэдийнхээ бие махбод төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд их анхаардаг. Бүр бодлогоор энэ асуудалд дэмжлэг үзүүлдэг юм билээ. Түүнчлэн эрүүл мэндийн салбар нь нийгмийн эрүүл мэнддээ гол хараагаа чиглүүлдэг. Их сургуулиудын нийгмийн эрүүл мэндийн анги нь конкурсын өндөр оноо авсан байхыг шаарддаг. Энэ анги нь хамгийн их эрэлттэй. 

-Та Сөүл хотын Гадаад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гишүүн, Хүний эрхийн хорооны даргаар ажиллаж байсан. Энэ хүрээнд хамгийн сайн үр дүнд хүргэсэн  ямар ажлаа нэрлэх вэ?

-Тус хотын цагаач эмэгтэйчүүдийг чадавхжуулах, олон соёлт гэр бүлийн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн эрх зүйн орчинг сайжруулахад чиглэсэн бодлого боловсруулахад оролцож ажилласан. 

Миний хувьд гадаад иргэдийг зөвхөн ажиллах хүч гэж битгий хараасай, нөөц бололцоо, авьяас чадварыг илүү үнэлээсэй гэсэн байр суурьтай байдаг. Монголд гэр бүлээрээ ирэх шаардлага гарсан тул гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан. 

Монголд судалгааны ажлаар,2019

Гэхдээ миний тэргүүлж байсан хүний эрхийн хорооноос гадаад иргэншилтэй эрэгтэйчүүдийг ажлын байранд зуучлах болон гадны иргэдэд  сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байгуулах зэрэг бодлогын чанартай төслүүдийг засгийн газарт оруулсан нь одоо ажил хэрэг болж, Сөүл хотод хэрэгжиж эхлээд байна. 

-“Монгол Фүүд банк” төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа. Энэ талаар  мэдээлэл өгөх үү?

-Анх 2018 онд Солонгосын Нийгмийн халамжийн үндэсний зөвлөлийн тэргүүн Монголд айлчлах үед энэ төслийн эхлэл тавигдсан. Тодруулбал, манай Засгийн газраас энэ үеэр Солонгост “Фүүд Банк” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагыг Монголд нэвтрүүлэх хүсэлт гаргасан. Энэ нь хүнсний чиглэлийн аж ахуй нэгжүүдээс илүүдэл бүтээгдэхүүнийг хүлээн авч, хоолны дутагдалтай байгаа иргэдэд хүргэж өгөх үйлчилгээ юм. 

НҮБ-ын 2030 тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд өлсгөлөн, ядуурлыг бууруулах болон хүрээлэн буй орчныг сэргээх гэсэн зорилт байгаа. 

Фүүд банк нь энэхүү зорилтонд нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг. АНУ-д төвтэй GFN(The Global Foodbanking Network) дэлхийн 40 гаруй орчныг нэгтгэсэн Глобал фүүд банкуудын сүлжээ гэдэг олон улсын төрийн бус байгууллага байдаг. Үүнд Монгол нэгдсэн. Фүүд Банк нь нэг талаар хоол хүнсний дутагдлыг шийдэж, нөгөө талаар хүнсний илүүдэл, дэмий үрэгдэж буй хүнсний алдагдлыг бууруулах хамгийн үр ашигтай загвар юм. 

Хоол хүнсний илүүдлийг шууд хаяснаар эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө 400 сая долларт хүрдэг гэсэн тооцоо байдаг. Мөн түүнээс ялгарах метаны хий байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөнд ч сөрөг нөлөөтэй нь ч тогтоогдсон.

“Фүүд банк” төслөөр дамжуулан төр болон төрийн бус иргэний байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэн улмаар нийгмийн халамжийн үйлчилгээг оновчтой хүргэх тогтолцоог бий болгож буйгаараа ач холбогдолтой юм. Түүнчлэн компаниудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, бусдад хандивлах соёлыг дэлгэрүүлэхэд чухал нөлөөтэй. Мөн уг хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр хүн амын дундах хүнс тэжээлийн дутагдал болон шим тэжээлийн тэнцвэргүй байдлыг бууруулж, нийгмийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх арга зам болох юм.

 

-Beautiful Store -н Монгол дахь загварыг бий болгохоор ажиллаж байгаа. Энэ хүрээнд Dream project-2 төслийг эхлүүлсэн байх аа?

-Тийм ээ. Beautiful Store нь танд хэрэгцээгүй зүйлс бусдад хэрэгтэй гэдэг утгаараа хаягдлыг бууруулах, дахин ашиглах, хандивлах соёлыг бий болгоход чиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээний бас нэг сайн загвар юм. 

Энэ нь Солонгост их сайн хөгжсөн. Анх 2017оны 11 дүгээр сард Солонгос улсад суралцдаг бидний дөрвөн оюутан санаа нэгдэн, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах төсөл эхлүүлсэн нь “Dream Project-2” юм. Ингээд төслийн хүрээнд 2019 оны гуравдугаар сард Beautiful Store-н Монгол дахь загвар болох “Мөрөөдлийн гэрэл” дэлгүүрээ нээсэн. 


-Энэ гоё нэртэй дэлгүүрийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу. Мөн өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмждэг үү?

-Солонгост амьдарч буй Монгол иргэдийнхээ дэмжлэгээр дэлгүүрээ нээсэн. Бид өрх толгойлсон эмэгтэйчүүдийг авч ажиллуулдаг. 

Цар тахлын жилүүдэд хүнд хэцүү байсан хэдий ч одоог хүртэл хэрэгтэй хүнд нь хямд барааг нийлүүлж ажилласаар байгаа. Иргэд өөрсдийн багадсан хувцас, хэрэглэхгүй эд зүйлсээ дэлгүүр дээр авчирч өгдөг. 

Манайд одоо иргэд хувцсаа хаяж шатаахаас илүү хэн нэгэн хэрэгтэй хүнд нь өгье гэдэг болсон. Ингэж авчирж өгсөн хувцас, хүүхдийн тоглоом, ном зэргийг бид дэлгүүр дээрээ хямд үнээр борлуулдаг. Манай дэлгүүр хэрэгтэй хүнд нь хямд үнээр гэдэг уриатай. 

Ярилцсанд баярлалаа.



Сэтгүүлч Д.Ариунаа