Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, спортын мастер О.Дөлгөөнд туслах "#Pray4Dulguun" хаштагтай давалгаа цахим орчинд идэвхтэй өрнөж байна.

О.Дөлгөөн нь 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох NBA-ын финалын тоглолтыг үзэхээр энэ сарын 12-ны өдөр эх орноосоо морджээ. Тэрээр хэдхэн хоногийн дараа хүнд хэлбэрийн элэгний Б вирус авч, элэгний дутмагшил буюу элэгний комд орж, биеийн байдал нь хүнд байгаа талаар ойрын хүмүүс нь цахим орчинд мэдээлж, түүнд туслахыг уриалж байна.

Одоо тэрээр элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорнийн дэргэдэх Их Сургуульд хэвтэн эмчлүүлж буй бөгөөд элэгний донор шаардлагатай байгаа аж. Ар гэрийнхэн нь донор болох хүсэлт гаргасан ч АНУ-д амьд хүнээс донор авдаггүй хуультай аж. Тиймээс донор олдох хүртэл маш өндөр төлбөртэй эмчилгээ хийлгэж буй аж.

#Pray4Dulguun" хаштаг хэрэглэж, хандивын аянаа улам өргөжүүлснээр Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагаас хандив авах боломжтой болох юм. Тус байгууллага ийм тохиолдлоор өмнө нь хэд хэдэн удаа ядуу буурай орны тамирчдад мөнгөн тусламж үзүүлж байжээ.

Тиймээс Монголынхоо нэрийг тив дэлхийд гаргах, өсөх ирээдүйтэй чадварлаг тамирчин залуудаа амьдрал бэлэглэхийн тулд хандивын аянд нэгдэж, "#Pray4Dulguun" хаштагтай сэтгэгдэл, постоор давалгаалж, аянаа илүү өргөжүүлэхийг уриалж байна.