Монгол Улсын  Гавьяат тамирчин П.Орхон дахин нэг алтан медалийг өчигдөр эх орондоо авчирлаа. 

Тодруулбал, тэрээр Индонезийн Жакарта хотод болж буй 18 дахь удаагийн Азийн наадмын аваргын төлөөх барилдаанд Кыргызстаны тамирчин А.Тыныбековаг 11:0-ээр ялж, бөмбөрцгийн бөх гэдгээ нотлон Ази тивийн аварга боллоо.

Ингэснээр өнгөрсөн бямба гарагт эхэлсэн тус наадмаас Монголчууд одоогийн байдлаар 2 алт, 2 хүрэл медаль хүртээд байна.

Пүрэвдоржийн Орхон нь “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга, ОУХМ цолтой бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин болсон юм.