Оюутнуудад "Wechat"-даа 1667 найзтай болох даалгавар өгчээ

Э.Мөнхтуяа
03 сарын 15, 2019

Хятадын коллеж оюутнууддаа Wechat буюу сошиал сүлжээнд 1667 найзтай болох даалгавар өгчээ. Хэрвээ тэд уг шаардлагыг биелүүлж чадвал A+ үнэлгээ авах боломжтой.

Зүүн Хятадын профессор оюутнууддаа сошиал сүлжээнд чадах боломжоороо олон найзтай болох даалгавар өгсөн нь интернет хэрэглэгчдийг талцуулсан байна. Хенан Эдийн Засаг, Хуулийн их сургуулийн профессор нь Онлайн ба Шинэ Медиа курсад элсэн суралцаж байгаа оюутнуудад тухайн даалгаврыг оноожээ. 


Энэ оны 3 дугаар сарын 10-нд өгсөн даалгаврын дагуу оюутнууд хамгийн багадаа 1001 шинэ найзтай болох ёстой гэсэн байна. 

Хятадын хамгийн алдартай тус нийгмийн сүлжээг сардаа нэг тэрбум хүн ашигладаг гэсэн тоо баримт байдаг. Оюутан A+ үнэлгээ авахын тулд 1667 найзтай болох болзолтой. Танихгүй нэгнийг найзаар нэмэх нь дарамт болохоос гадна  Sohu мэдээллийн агентлагийн мэдээлсэнээр уг даалгавар нь эцсийн шатны үнэлгээний 30 хувийг эзлэх гэнэ. 

Уг хэцүү даалгавар нь оюутнуудыг дагзаа маажихад хүргэж буй бөгөөд нэн ялангуяа зожиг нэгэнд үнэхээр хүнд тусчээ. 

“Энэ бол маш хүнд даалгавар, би wechat дээр 100 гаруй найзтай. Бидний дийлэнх нь олон найзтай болж чадахгүйдээ ихээхэн бухимдаж байгаа" хэмээн нэгэн оюутан Pear видеод хэлсэн байна. Үүний хариуд их сургуулийн багш нь энэхүү даалгавар нь оюутнуудыг бодит амьдралд бэлдэх туршлага болно хэмээн тайлбарлажээ.

Хятад улс 2020 оноос Нийгмийн үнэлгээний системийг хэрэгжүүлж эхлэх гэж буй бөгөөд уг төслийн нэг хэсэг нь интернет орчинд иргэдийн зан төлвийг ажиглан үнэлэх аж. Жишээ нь, нийгмийн сүлжээнд нийтэлсэн иргэдийн нийтлэлийн агуулгаас хамааран уг үнэлгээний оноонд  нөлөөлөх юм байна. Худал хуурмаг мэдээлэл, ялангуяа нисэх буудлын аюулгүй байдал, террорист халдлагын талаар худал мэдээлэл нийтлэвэл шийтгэгдэж болохуйц ноцтой хэрэгт тооцогдоно гэнэ. 

Энэхүү даалгавар нь оюутнуудад жинхэнэ сорилт болж байгаа бөгөөд уг даалгаврыг 2 долоо хоногийн дотор гүйцэтгэх хугацаа олгосон байна. 



Эх сурвалж: nextshark.com

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.